МАН ялсан аймгууд бужигнаантай байна

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

МАН ялсан аймгууд бужигнаантай байна

Орон нутгийн сонгууль болж өнгөрөөд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Дорнод, Говь-Алтай, Дундговь аймгууд бужигнаантай хэвээр байна. Тодруулбал, МАН олонхи болж ялалт байгуулсан дээрх гурван аймаг одоо хэр нь сандал ширээний хэрүүлээс салаагүй, улстөржилт үргэлжилж байна гэж хэлж болохуйц байгаа юм.

Тухайлбал, Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа тухай мэдээллийг бид орон нутгаас авлаа. Уг хуралдаанаас аймгийнхаа 2014 оны төсвийг батлахын зэрэгцээ Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх аж.

Өмнө нь Дорнод аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг санал болгосон ч Ерөнхий сайд батламжлаагүй юм. Төрийн алба хашаагүй хүнийг аймгийн Засаг даргаар батламжлах нь хууль зөрчсөн хэрэг болно гэж үзэн буцаасан. Гэвч МАН-ын зүгээс Баянхонгор аймгийн Засаг дарга нь М.Бадамсүрэнгийн нэгэн адил төрийн алба хашаагүй байтал нэг цагийн дотор Засаг даргаар батламжилдаг атлаа МАН-ын гишүүн М.Бадамсүрэнг Засаг даргаар батламжлахаас татгалзсан нь намын ялгаварлал гаргасан хэрэг гэж буруутгаж байв. Харин Ерөнхий сайд бууж өгсөнгүй гүрийснээр хуучин Засаг дарга Ц.Жанлавыг аймгийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэхийг үүрэг болгосон билээ. Ямартай ч Дорнод аймгийн Засаг дарга өнөөдөр тодрох бололтой.

Дундговь аймагт МАН олонхи болсноор Засаг даргаараа С.Сүхбаатар гэх залууг томилуулж байсан ч саяхан огцорчээ. Аймгийнхаа төсвийг батлуулж аваад арга буюу огцрох өргөдлөө мэдүүлсэн тухай дуулдаж байна. Хуульд зааснаар аймгийн ИТХ 14 хоногийн дотор хуралдаж Засаг даргыг санал болгох ёстой тул өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг хийж буй аж.

Засаг даргад Дундговь аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ, МАН-аас Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ганхүү нар өрсөлдөж байгаа юм байна.

Тэгвэл Говь-Алтай аймагт 2014 оны нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн сонгууль дахих болж байна. Ингэхдээ Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум, аймгийн төвийн Баяншанд багт 17 төлөөлөгчийг сонгох сонгууль болох юм.

Уг нь энэ аймагт өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, шинээр аймгийн ИТХ нь бүрдэж, Засаг даргаараа Ц.Амгаланбаярыг сонгон томилуулсан ч аймгийн МАХН-ын үүр шүүхэд гомдол гаргаснаар сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ыг хууль бус хэмээн үзсэн тул ийн сонгууль дахихаас аргагүй болжээ. Үүний дараа мөн л аймгийн Засаг даргыг сонгох сунгаа явж бас л бужигнана гэх мэдээ байна.


Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж