-Та боловсролын салбарт хэдэн жил ажилласан бэ. Монгол хүүхдүүдэд ямар хичээл заав?
-Би бага ангийн багш мэргэжилтэй, боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. БНСУ-ын Юнын хотын Сулгэ бага сургуульд хичээлийн эрхлэгчээр ажилладаг. Гурван сар Монголд багшлахдаа X, XI ангийнханд шүдний эрүүл мэнд, математик, англи хэл, мэргэжил сонгох арга зүй, мөн Солонгосын соёлын хичээл заасан. Монголын сурагч, багш нар надад бүгд эелдэг, дотно хандаж байлаа. Энд ажилласан хугацаандаа монгол багш нараас олон зүйл сурлаа.
-Монгол, Солонгос хүүхдүүдэд хичээл заахад ялгаа байна уу?
-Монгол хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцож, багшийнхаа үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг юм байна. Хичээлдээ чөлөөтэй, үнэн сэтгэлээсээ оролцож байсан нь сайхан санагдсан. Хараал хэлдэггүй, зодоон хийхгүй, гэр бүлийн хүмүүжил сайтай, бие биенээ ч сайн ойлгодог юм байна. Сурагчид Төрийн дууллаа дуулах үед миний сэтгэл маш их хөдөлсөн. Дараа нь Монголын Төрийн дууллыг орчуулж үзээд бүр уйлсан. Монголын сурагчид манай соёлыг ингэж ойлгоосой, таньж мэдээсэй гэсэндээ хэрэглэж байсан солонгос үндэсний хөгжмүүдээ сургуульдаа бэлэглэсэн. Манай улсад ахлах сургуулийн сурагчид нэг нэг хичээл сонгон, гүнзгийрүүлэн судалдаг. Монгол хүүхдүүд ч ингэж суралцах ёстой юм шиг санагдсан.
-Манай сургалтын арга барилаас суралцах ямар давуу тал байв. Мөн засаж, сайжруулах шаардлагатай зүйл ч ажигласан байх?
-Сурагчдыг хичээлээ маш идэвхтэй оролцуулж байгаа нь монгол багш нараас суралцах гол зүйл байлаа. Нутагтаа очоод сурагчдаа бүгдийг нь хичээлдээ идэвхтэй оролцуулахын тулд монгол багш нараас сурсан аргуудаа ашиглана. Монгол багш нар хичээлийнхээ бараг 90 хувийг өөрөө оролцон заадаг. Шохойгоо бариад самбар дээр бичээд, бүх хүч чадал, бодол, ухаанаа шавхан ажилладаг, тал бүрийн авьяастай, өөрийн гэсэн арга барилаа олсон байдаг юм байна. Харин манай улс багш нарыг бүх тоног, төхөөрөмжөөр нь хангадаг. Монгол Улсын төр, засгаас энэ тал дээр анхаарах ёстой болов уу.
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин