Япончуудын хувьд Иносэгийн огцролт хэвийн үзэгдэл. Хууль бус үйлдэлтэй орооцолдсон дарга нар нь уучлал гуйхаас эхлээд улс төрийн энэ мэт соёлыг илэрхийлэх нь тогтсон жишиг.
Харин Монголд ийм эр зориг гаргах дарга, даамал тун цөөхөн. Магадгүй тэдний хувьд ямар нэгэн асуудал гаргалаа ч түүнээсээ болж албан тушаалаасаа огцорно гэдэг байж боломжгүй “алдаа” гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Өөрсдөө ингэж дүгнэдэг учраас аливаа асуудалтай орооцолдсон хэрнээ гүрийсээр байгаад албан тушаалдаа үлдэхийг хүсдэг. Нэр төрөө баастай хутгаад ч хамаагүй албан тушаалдаа үхэн хатан үлдэхийг чармайдаг цаад шалтгаан нь тодорхой. Албан тушаал+эрх мэдэл+мөнгө.
Д.Сугарыг хар. Ё.Отгонбаярыг хар. Т.Бадамжунай, Т.Билэгт, Ц.Батбаяр, Х.Наранхүү. Бүгд мөнгө идсэн, авлига авсан, төрийн өмчийг шамшигдуулсан хэрэгт холбогдсон ч хэн нь ч хуулийн дагуу хариуцлага хүлээсэнгүй. Бас хэн ч буруутай үйлдлээсээ болж албан тушаалаасаа огцорч байгаагүй билээ. Харин ч суудал ахиж, зэрэг дэвшсээр ирснийг Д.Сугарын үйлдэл нотолж байгаа.
Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугарыг ажиллаж байхад явагдсан хувьчлал болгон араасаа асуудал дагуулдаг байсан нь худлаа биш. Хадгаламжийн банк, Говийн хувьчлал гээд л. Тэглээ гээд Д.Сугар суудал ахиж байсан уу гэхээс буурч байсан удаагүй. "Тэр миний буруу биш ээ" гээд л нүүрээ улайлгаж байгаад суудалдаа үлдэж чаддаг сурамгай нөхөр шүү дээ.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Т.Бадамжунай ажиллаж байхдаа мөн л хөрөнгө, мөнгө завшсан, идэж уусан асуудалд холбогдсон. Гэвч бас л ял зэмгүй өнгөрсөн. Эсвэл манай хуулийнхан худлаа сенсаацлаад байдаг юм уу. Эс бөгөөд хуулийнхны хүч хүрдэггүй юм уу, бүү мэд. Гэмт хэрэгт холбогдсон бүхэн хэзээ ч нэр төрөө цэвэрлэнэ гэж хуулийнхантай заргалдаж байгаагүйг харахад оргүй ч асуудлыг гаргаж тавиад байдаггүй бололтой юм.
Гэхдээ л түр түдгэлзүүлсэн, тусгаарласан гэх үгээр АТГ тэдний хэргийг хаацайлаад өнгөрөв үү гэж хардахад хүргэж байна. Далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн гэгчээр АТГ-ынхан сүртэй шуугиан дэгдээдэг ч шүүхээр асуудал нь шийдвэрлэгдсэн улстөрч тун цөөхөн.
Японы хууль тогтоомжид улстөрч хүн хувийн хэвшилд бизнес эрхэлж байгаа бизнесмэнээс мөнгө төгрөг авахыг хориглодог юм байна. Харин манайхан дарамталж байгаад л хандив авдаг шүү дээ. Хандив өгөхгүй бол бизнесийн үйл ажиллагаанд нь саад хийнэ. Намд нь хэн сайн хандив өгнө тэр нь УИХ-д нэр дэвших эрхийг “ногоон гэрэл”-ээр авна. Ийм тэнэг жишиг тогтчихсон болохоор намын хамгаалалт нэрээр нэгдүгээр эгнээнийхнээс хэн ч, хэзээ ч хариуцлага хүлээхгүй.
Улс төрийн хариуцлага, улстөрчдийн соёлоос ухаалаг төрийн бодлого эхэлэх учиртай. Улс төрд нь бизнесийнхнийг дарамталж авлига авдаг Ё.Отгонбаяр шиг нөхөд, Үндсэн хуулийн Цэцэд нь Д.Сугар шиг “хулгайчид” нуугдсаар байвал манай төр ухаажихгүй. Хариуцлагаас мултрахын тулд Монголын авлигачид, “хулгайчид” нь төрийн томоохон эрх бүхий субьектийг ашиглаад байхаар иргэд энэ төрд яаж итгэх билээ. Тэгэхээр нийгэмд хариуцлагын ухамсар яаж тогтнох юм бэ.
Хуулийг улстөрчид өөрсдөө баталдаг. Харамсалтай нь, хуулийг хамгийн их зөрчдөг нь улстөрчид, хуулийнхан өөрсдөө шүү дээ.
Үнэндээ бол улстөрчид улстөрийн соёлтой байна гэдэг бие биенээ хүндэлье, замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, хоггүй цэвэр орчинд амьдарцгаая гэдэг амьдралын наад захын энгийн дүрэмтэй л ижилхэн жишгийг тогтоохыг л хүсээд байгаа юм. Монголчуудын хувьд албан тушаал гэдэг эцэг эхийнх нь хайрласан нэр төрөөс илүү эрхэм болчихсон. Тиймээс нэр шавартай хутгалдсан ч хамаагүй албан тушаалтайгаа яаж ийгээд үлдэхийг хүсдэг. Уг нь нэр хугарахаас яс хугар гэж нэг сайхан үг бий сэн.
Хариуцлагаа хүлээгээд шорон руугаа явж чаддаггүй юм аа, гэхэд ядаж соёлтой огцорч сурмаар юм, Монголын улстөрчид.