БНСУ Хятад цэргүүдийн шарилыг буцаан өгнө

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

БНСУ Хятад цэргүүдийн шарилыг буцаан өгнө

Өдгөөгөөс 60 жилийн тэртээ Солонгосын хойгт өрнөсөн цуст дайнд амь үрэгдсэн олон зуун хятад цэргийн шарил өдгөө ч Өмнөд Солонгост бий аж. Тэгвэл Өмнөд Солонгосын албаныхны зүгээс Кёнги аймгийн Пажү хотод орших цэргийн хамгаалалттай оршуулах газарт буй 425 хятад цэргийн шарилыг эх оронд нь буцаан өгөхөөр зөвшөөрчээ. Өмнөд Солонгосын албаныхан олон зуун хятад цэргийн шарилыг дахин ухаж гаргаад цэвэрлэж, шинэ авсанд хийн БНХАУ-руу илгээх тул үүнд багагүй хугацаа шаардлагатай гэнэ.

Өмнөд Солонгост байх хятад цэргүүдийн шарилыг эх оронд нь буцаан өгөхийг  Ерөнхийлөгч Пак Кын Хе өнгөрсөн зургадугаар сард Бээжинд айлчлах үеэрээ зөвшөөрчээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Хойдод хандан өөрийн улсын цэргүүдийн шарилыг буцаан авахыг зөвшөөрсөн боловч Пхеньяны албаныхан ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Пажү хотод байх цэргийн хамгаалалтай оршуулгын газрыг Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Хятад, Хойд Солонгосын цэргүүдэд зориулан 1996 онд байгуулсан аж. Хятадын арми 1950-1953 оны хооронд өрнөсөн Солонгосын дайны үеэр  АНУ, Өмнөд Солонгосын эсрэг Хойд Солонгосын талыг дэмжин байлдсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж