Толгой илэгсдийг шалгах цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Толгой илэгсдийг шалгах цаг болжээ

Б.Бат-Оргилын толгойг илэгсдийг шалгах цаг болсон юм биш үү

Эрүүл саруул хүүгээ эх орноо хамгаалуулахаар цэргийн ал­банд явуулсан ээж түүнийхээ ха­риуд сохор, дүлий, өвчтэй бол­гож эргүүлж авчихаад, 10 жил явсан ч асуудал нь ший­дэгдээгүй хэвээр байсаар.

Хэ­рэг хэзээ ч хуучирдаггүй гэ­дэг. А.Ууганбаярыг хэдхэн төг­­рөгийн төлөө бусадтай бү­лэг­лэн зодож, хүний оромцог бол­госон Б.Бат-Оргил гэгч ял шийтгэлээ авах нь бит­гий хэл Солонгос руу арилж өгсөн гэдгийг бүх баримтууд нотлоод өгчихсөн байгаа.

Тийм бай­тал Монголын хууль зэр­лэг балмад хэрэгтний өмнө гууль болж, ядарсан ээжийн өмнө цааз болж байгаа нь дэндүү бачуурмаар явдал биш  гэж үү.

Ямар ч хүн дургүй нь хүрч, уур нь багтарч, ийм хуультай, тийм цагдаа, прокурор, шүүхийн байгууллагатай улс оронд амьдарч байгаадаа гутрах ч багадахаар хэрэг явдал одоо ч хөвөрсөөр. Одоогоос 10 гаруй жилийн өмнө болсон хэрэг явдлаас хойш онц ноцтой гэгдэх энэ хэргийг 10, 20 удаа сэргээж, мөн тэр тоогоор хааж байсан гэдгийг хохирогчийн ээж Ц.Алтанцэцэг хоёрхон хоногийн өмнө манай редакцид ирэхдээ ярьж байсан.

Түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод, цэрэг цагдаа, прокурор, хуулийн байгууллага авч хэлэлцэхээ больсон учир арга ядахдаа л сонинд хандаж явна. 

Хэргийг дахин сэргээлээ, хаана хүрч хаагдах юм бол

Хохирогчийн ээжийн хэлсэнээр 20 удаа хаагдсан хэрэг одоо 21 дэх удаагаа сэргээгдээд байна. Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэй Солонгос руу оргон зайлсан гэх Б.Бат-Оргилтой өнгөрсөн намар хоёр ч удаа тааралдсан гэж яриад байгаа. Олон удаа улаан нүүрээрээ таарч, хүүг нь хэвтэрт орж, сохор, дүлий болтол зодсон хэрцгий балмад этгээдийг түм буман удаа харж байсан болохоор андуураагүй нь лавтай байх.

Тиймдээ ч гомдол нь барагдахгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр орж, гомдлоо хэлж, нулимсаа дуслуулсан юм билээ. Мөн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй ч уулзаж, хэргийн талаар ярьсан аж.

Ингэж явсны хүчинд хаагдаад байсан хэрэг нь эргэж сэргээгдээд байгаа аж. Одоогоор УМБГ-ын  Онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч н.Энх-Амгалан энэ хэргийг аваад байгаа аж. Юуны өмнө бид хэргийг сэргээж өгсөн гэх О.Алтангэрэл даргатай очиж уулзсан юм. Тэрбээр “Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэй надтай ирж уулзсан. Хайран сайхан хүүг нь хэвтэрт ортол нь зодчихсон юм билээ. Бид тэр хүнд чадлынхаа хэрээр туслахаар хичээж байна.

Х.Тэмүүжин сайд хүртэл уулзаж, тусалсан. Миний хувьд хэргийг дахин сэргээж шалга гэсэн бичгийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Яг ямар хариу ирүүлсэнийг би сайн санахгүй байна. Ямар ч байсан хэргийг сэргээгээд шалгаж байгаа.

Ер нь бол хэргийн бүх процесс тодорхой байгаа. Харин тэр зодсон гээд байгаа Б.Бат-Оргил гэдэг нөхрийг барьчих юм бол асуудал шийдэгдэнэ шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний дараа хэргийг шалгаж байгаа н.Энх-Амгалан мөрдөн байцаагчтай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. 

Ер нь бол хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Бат-Оргил Солонгос руу оргон зайлсан гэсэн баримтууд байгаа. Гэхдээ хохирогчийн ээж түүнтэй өнгөрсөн намар тааралдсан талаар дээр дурьдсан. Ерөнхийдөө энэ асуудлаар зарим нэг асуулт асууж, хариулт авсан юм.
Тэрбээр “Хэргийг дахин сэргээгээд, шалгаж байна. Хохирогчийн ээж Ц.Алтанцэцэг хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Бат-Оргилтой тааралдсан, явж байсан гэж яриад байгаа. Харин бид Хил хамгаалах ерөнхий газраас асуухад тийм хүн Монголд ирээгүй байна гэсэн” хэмээсэн юм.

Ямар ч байсан хэрэг сэргэчихлээ, шинэ мөрдөн байцаагч томилогдоод шалгаж эхэллээ. Гэхдээ өмнө нь олон удаа сэргээгдэж, хаагдаж, олон мөрдөн байцаагч дамжсан энэ хэрэг хаана хүрч хаагдах юм бол гэсэн хар өөрийн эрхгүй төрж байна. Уг нь нэгэнт Хууль зүйн яамнаас энэ хэргийг сэргээх асуудалд анхаарал тавьж байгаа юм чинь эцэст нь тулгаад, нэг ч гэсэн иргэнийхээ гомдлыг барагдуулж, үнэн зөвөөр нь шийдээд өгөөсэй билээ.

Өмгөөлөгч нар 10 жил сунжирсан хэргээс залхав уу

Хэрэг сэргээгдэх тоолонд А.Ууганбаярыг хэн өмгөөлөх вэ гэдэг асуудал босч ирдэг нь жам аж. Ерөөсөө Ц.Алтанцэцэг гэдэг эмэгтэй өмгөөлөгч хөлслөөд авчих мөнгөгүй учир тэр шүү дээ. Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч томилдог ч асуудал тийм ч амар шийдэгддэггүй.

Тэр ч битгий хэл өмнө энэ хэргийг өмгөөлж байсан Х.Номинцэцэг, Д.Нацагдорж нар энэ хэргийг өмгөөлж чадахгүй гэж хэлсэн талаар ч Ц.Алтанцэцэг ярьж байсан юм. Үүгээр ч зогсохгүй Н.Арвинтариа, Х.Бат-Ялалт нар ч өмгөөлөхөөс татгалзсан гэх.

Тиймээс бид өмнө нь хэргийг өмгөөлж байсан өмгөөлөгч Х.Номинцэцэгтэй утсаар холбогдож, яагаад татгалзсан тухай тодруулсан юм. Тэрбээр “Би хэргийг өмгөөлөхөөс татгалзаагүй. Хэргийг сэргээсний дараа Ц.Алтанцэцэг над руу ярьсан.

Тэр үед нь би Төв аймагт шүүх хуралтай байсан юм. Гэтэл та нар хааж боолоо гээд загнаад байсан. Өмнө нь хамгийн анх хамт очиж, мөрдөн байцаагчтай уулзая гэтэл Энх-Амгалан завгүй байсан. Маргааш нь би Ц.Алтанцэцэг рүү өөрөө яриад мөрдөн байцаагчтайгаа уулзах уу гэтэл хүүхдийнхээ группийг сунгуулах гээд явж байна гэсэн.

Харин гурав дахь тохилдолд нь би шүүх хуралтай байсан юм. Түүний дараа өөр өмгөөлөгч авна гэсэн. Өөрөө тэгж байгаа хүний би яалтай билээ” хэмээн хэлсэн юм. Ямар ч байсан Ц.Алтанцэцэг хэрэг сэргээсэн гэсэн тогтоолоо аваад, Өмгөөлөгчдийн холбоон дээр очиж үзүүлээд, өмгөөлөгч авах талаар ярьж байсан.

Ер нь бол Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч гаргаж өгөх юм билээ. Тэгээд ч дээр нэр нь дурьдагдсан өмгөөлөгчдийг буруутгаад байх аргагүй. Тэр дундаа Х.Номинцэцэг өмгөөлөгч чадлынхаа хэрээр ажиллаж байсан болохоор бүр ч буруутгах арга байхгүй шүү дээ.

Мөн тэр өөрөө татгалзаагүй гэдгээ ч хэлж байна. Эцсийн дүндээ энэ хэргийн цаана мөнгө хөрөнгөтэй хүн байгаа, хэрэгтний тал бүхэл бүтэн хуульч, өмгөөлөгчдийн баг ажиллуулж байсан гэсэн болохоор хэцүү л байсан биз.

Прокурор С.Алимаа гэгчийг шалгахад гэмгүй


Хэрэг явдал анх эхэлж, анхны шатны шүүх хурал болж байх үед Чингэлтэй дүүргийн  прокурор С.Алимаа  хэрэгт сэжиглэгдэж байсан Б.Бат-Оргилд чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн ял эдлүүлэх яллах дүгнэлт үйлдэж оруулсан байдаг. Мөн эмчилгээний зардлыг нь ч гэсэн яллах дүгнэлтдээ тусгасан байсан.

Гэтэл шүүх хурал болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа бүх зүйл эсрэгээрээ эргэсэн тухай хохирогчийн ээж ярьж байна. Уг нь тэр үед шүүх хурлын үеэр дараагийн шүүх хурал болтол хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Бат-Оргилыг Ганц худагт  хорих тогтоол ч уншигдсан байдаг.

Гэтэл хоригдож байх ёстой хүн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд цагдаагийн алба хашчихсан улмаар Солонгос руу явсан байгаа юм. Түүний ингэж дураараа дургиж, Ганц худгийн хорих өрөөнөөс гарч, цагдаа хийж, Солонгос руу зугаалах эрхийг С.Алимаа прокурор өөрөө өгсөн гэдгийг хохирогчийн ээж хэлээд байгаа. 

Мөн хохирогчийн ээжийг өөрийг нь Ганц худагт хорь энэ тэр гэж дөвчигнөсөн юм билээ. Тэгэхээр энэ хэрэгт тэр нэлээд гүнзгий хутгалдсан байж ч болох юм. Тиймээс холбогдох байгууллагууд нь энэ хүнийг шалгаад, үнэн мөнийг нь тогтооход гэмгүй л байх.

Б.Бат-Оргилыг интерполоор хайгаач ээ

2011 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Р.Батсайханы гаргасан 62 тоот тогтоол байгаа юм. Тэр тогтоолд “А.Ууганбаяр нь 2003 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цэргийн жинхэнэ албанд татагдаж, мөн сарын 3-ны өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хуваарилагдан очоод, тус ангид цэргийн алба хаагаад халагдаж байсан түрүүч цолтой Б.Бат-Оргил гэгчид зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн гэмт хэрэг үйлдэгдсэн.

Яллагдагч Б.Бат-Оргил нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлж,  2009 оны долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн ОМ-301 дүгээр аяллын онгоцоор Монгол Улсын хилээр нэвтэрч, БНСУ руу гарсан нь тогтоогдож байгаа тул” хэмээн цагаан дээр хараар бичсэн байна.

Ямар ч гэсэн Б.Бат-Оргил хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байхдаа оргон зайлсан нь тодорхой боллоо. Дээрээс нь бусдыг зодож гэмтээсэн гэдгийг ч энэ тогтоол баталж байгаа юм. Харин одоогийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалан Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад, Б.Бат-Оргил Монгол Улсад эргэж ирээгүй байна гэсэн гэж хэлээд байгаа.

Хэрвээ тийм л юм бол хүн зодож, онц ноцтойгоор гэмтээсэн, улмаар оргон зайлж, БНСУ руу явсан хүнийг Интерполоор эрэн сурвалжилж яагаад болохгүй гэж. Өдий болтол хоёр гурван жил болоход, хуулийн байгууллага огт хөдлөөгүй нь бүр ч сонирхолтой байгаа юм.

Тиймээс энэ удаад арай өөрөөр хандаж, шийдвэрлээсэй билээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй яамны нөхөд ч гэсэн жаахан анхаарчихаасай. Монгол Улс хууль цаазтай, түүнд нь иргэд нь захирагддаг гэдгийг ч батлаасай билээ.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж