
-Дуудлага өгөх гэсэн юм. Манай хажуу талын айлын эхнэр нөхөр хоёр муудалцаад нөхөр нь эхнэрээ зодоод хүүхдүүд нь уйлаад байна.
-Нөхөр нь согтуу байгаа юм уу.
-Үгүй. Эрүүл байна. Гэхдээ муудалцаад эхнэрээ аймар зодоод байна.
-За. Хэргийг нь бүртгэж авлаа. Нөхөр нь эрүүл байгаа юм бол манайх очих боломжгүй. Таны өгсөн дуудлага чинь гэр бүлийн асуудал байна гэж хэлээд цагдаа утсаа тасаллаа. Энэ мэт хүний амь насан дээр тулсан үед иргэн хүнээ хамгаалах ёстой цагдаагийн байгууллага иймэрхүү хариулт өгдөг нь даанч харамсалтай. Хэдий энэ дуудлага хуурамч байсан ч гэлээ цаана нь олон тооны эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хандах тохиолдолд энэ мэт хариулт өгдөг бол бид хэнд хандах ёстой вэ гэдэг асуулт бүрхэг хэвээр үлдлээ. Энэ мэт тусламж авч чадахгүй хэчнээн эмэгтэй гэртээ нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай, үр хүүхдийнх нь харц айдаст автан суугаа нь тодорхойгүй юм.
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гэсэн гоё нэртэй байгууллагууд маш олон байдаг. Эдгээр байгууллагуудын утсыг олно гэдэг “өвсөн дундаас зүү хайх”-тай адил байлаа. Асуудал тулгарсан үед хамгийн ойр байх ёстой эдгээр байгууллагуудын утсыг лавлахаас асуухад “Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв”-ийн дугаарыг л хэлж өгсөн юм. Холбогдох дугаар руу залгаж “Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авах гэсэн юм” гэхэд хаягаа зааж өглөө. Өмнө нь цагдаагийн байгууллагаас эсэргүүцсэн хариулт сонссон болохоор ч тэр үү нэлээд эмээж байлаа. Гэтэл хаягаа зааж өгөөд тулгамдсан асуудлаараа хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой гэсэн юм. Зааж өгсөн хаягийнх дагуу очиход хоёр настай бололтой жаахан хүүхэд дагуулсан 25 орчим насны эмэгтэй зогсож байсан юм. Энэ төвөөр үйлчлүүлж сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирсэн аж. Өмнө нь ч мөн хандаж байсан гэнэ. Нөхөртэйгөө гэрлээд гурван жил болж байгаа бөгөөд одоо хоёр хүүхэдтэй юм байна. Нөхрийнх нь ааш зан сүүлийн нэг жилийн дотор өөрчлөгдөж удаа дараа гар хүрэх болжээ. Эхлээд согтуу ирсэн үедээ гар хүрдэг байсан бол сүүлдээ эрүүл байхдаа ч цохиж, үсддэг болсон байна. Согтуу байх үед нь цагдаа дуудаж өгсөн боловч гарч ирээд “Чи ямар овоо юм бэ. Дахиад тэр цагдаагаа дуудалдаа” гэх зэргээр чанга орилж, зодсон байна. Бүсгүй түүнээс хойш дахиж цагдаагийн байгууллагад хандаагүй аж. Хандсан ч нэмэр байдаггүй болохоор хандахаа больсон гэж хоолой нь чичирч хариулсан юм. Манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн талаарх хууль 2004 онд батлагдсан ч амьдралд хэрэгжих боломжгүй хуулийн жагсаалтад багтсан байна. Энэ мэт хууль эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас эмэгтэйчүүд амь насаа алдах тохиолдол их гардаг гэж мэргэжилтнүүд онцолж байна. Гэр бүлийн хүчирхийлэл 1990-ээд оноос хойш огцом нэмэгдсэн. Өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь хэрээс хэтэрсэн гэнэ. Тухайлбал, төрсөн үрээ хүнд үрчлүүлэхийн тулд эхнэрээ хэвтэрт ортол зодож хүчээр гарын үсгийг нь зуруулсан, архи ууж ирээд эхнэрээ боомилсон гэх мэт сэтгэл сэртгийлгэм асуудалтай эмэгтэйчүүд голдуу “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д ханддаг байна.
Энэхүү асуудлын талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн сургалт мэдээлэл, арга зүйн хөтөлбөрийн зохицуулагч Г.Түвшинжаргалаас тодруулсан юм.
-Гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байгааг хуулийнхан хэлж байна. Энэ асуудалд хэр анхаарал хандуулж ажиллаж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоон мэдээллийг цагдаагийн байгууллага авч эхлээд гурван жил болж байна. Эндээс харахад жил тутам 20-иос дээш хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллага болон манайд хандаж буй хохирогчид хүчирхийлэлд өртөгсдийн таван хүн тутмын нэг нь байдаг. Цаана нь эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй байгаа олон хүн бий. Ер нь өргөн хүрээг хамарсан эмзэг асуудал. Ялангуяа ядуурал, архидалт газар авч байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол хүчин зүйл болж байна.
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?
-Гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд заасан эрхийн хүрээнд шууд үйлчилгээ буюу хуулийн зөвлөгөө өгч байна. Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчөөр хангаж, хэргийг дуустал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Мөн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, түр хамгаалах байранд байрлуулж байна. Одоогоор Дундговь аймаг, Улаанбаатарт тус бүр нэг байр ажиллаж байна.
Түүнчлэн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг. Нийгмийн ажил өргөн хүрээтэй. Ирж буй үйлчлүүлэгч бичиг баримтгүй байхаас эхлээд асуудал их. Бичиг баримтгүй бол ямар нэгэн үйлчилгээ авах боломжгүй. Энэ асуудлыг шийдэх, гэмтэж бэртсэн бол эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь зуучлах арга хэмжээ авдаг. Үүнээс гадна хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлж байна.
-Улсын хэмжээнд долоон хамгаалах байр ажиллаж байсан. Үлдсэн тав нь яасан юм бэ?
-Санхүүгийн байдлаас болоод ашиглах боломжгүй болсон. Гэхдээ Хууль зүйн яамнаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалд анхаарал хандуулж эхлээд байна. Тэгэхээр цаашид хамгаалах байрууд нэмэгдэх байх.
-Тухайлбал?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өргөн барих, боловсруулах ажлын хэсэг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад ажиллаж байгаа. Дээрээс нь яам эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх багц хуулиудыг өргөн барих гэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн тулгамдсан асуудлуудыг оруулахаар ажиллаж байна. Тэгэхгүй бол цагдаагийн ажилтан дуудлагаар очдог. Тэр чиглэлийн тодорхой ойлголт байхгүй, авах арга хэмжээ нь тодорхой бусаас болоод өөрийнхөө үзэмжээр ханддаг. Үүнийг даруй өөрчлөх хэрэгтэй.
-Өнгөрсөн 16 жилийн хугацаанд танайхаар давхардсан тоогоор хэчнээн хүн үйлчлүүлэв?
-Нийт давхардсан тоог гаргах боломжгүй. Гэхдээ жилд дунджаар 3000 гаруй хүн үйлчлүүлдэг. Нэг удаагийн ирэлтийн тоо л доо. Тэдний ихэнх нь хоёроос дээш удаа ирдэг.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Цагдаагийн байгууллага статистик мэдээлэл гаргадаг болсноос хойш 43 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гадна хуулийн хамгаалалт байхгүйгээс болоод хүчирхийлэгчийнхээ амийг хөнөөсөн тохиолдол их гарч байна. Мөн амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал ч их. Эндээс харахад гэр бүлийн хүрээнд дайн болж байна уу гэж харагдахаар байгаа юм.
-Танайхаас зөвлөгөө авъя гэвэл ямар утсанд хандах вэ?
-70119949 гэсэн утсаар зөвлөгөө авч болно.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин