
МАН хэлэлцэж буй бүхий л асуудлаар хоёр өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн. Хоёр өдрийн завсарлага гэдэг нь дараагийн долоо хоногийн төгсгөлд гэсэн үг. Тодруулбал, хуулиар чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гаригт хуралдахаар заасан байдаг. Өчигдөр завсарлага авсан гэдэг нь өнөөдөр ч хуралдаа суухгүй гэсэн үг. Мөн МАН-ын бүлгийн ахлагчийн хэлснээр “хэлэлцэж буй бүх асуудлаар” завсарлага авч байна гэдэг нь өнөө хоёр сайдыг огцруулах асуудлыг ч багтаасан гэсэн үг.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг оруулж ирсэн. Өөрсдийнхөө оруулсан асуудал дээр завсарлага авна гэдэг нь жаахан ойлгомжгүй ч тэд авчихав. Асуудлын гол нь Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг долоо хоногийн хугацаанд хэлэлцэж батлах хуулийн заалт бий. Энэ хууль бол хууль тогтоогчдод зориулсан ганц хуулийнх нь заалт. Гэтэл уг асуудлыг хэлэлцэж ч эхлэлгүйгээр завсарлага авч дараагийн долоо хоног хүртэл хуралдаа суухгүй гэж байгаа нь УИХ-ын хууль зөрчих үндэслэл болж байна.
Бүр тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар “Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны дүгнэлтийг сонсч илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхиор шийднэ” гээд хуулийн нарийн мэдлэг шаардахааргүй энгийнээр биччихэж.
Хууль дээр тодорхой заачихсан үүргийг хэрхэх тухай улс төрийн намуудын хувьд зөвшилцөөд байх ч шалтгаан байхгүй. МАН аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй ч хуулийн хүрээнд тэр эрх нь хязгаарлагдахыг ойлгох учиртай. Хэн нь ч хэнийгээ царайчлах, нэг нь нөгөөдөө “тунирхаж” хууль зөрчих эрх УИХ-ын гишүүдэд харамсалтай нь байхгүй.
Хуралдаа орж ирээд асуудлаа ярь, маргалд, зөвшилц, огцруулах эсэхээ шийд, тэр бол та нарын хэрэг. Юу гэж шийдэх хамаагүй, гагцхүү хуулийн хугацаанд нь багтаж асуудал хэлэлцэх үүргээ биелүүл.