Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Туркменистан Улсын Үндэсний хурлын дарга Акжа Нурбердыевад Итгэмжлэх жуух бичгээ барив. Дараа нь хатагтай А.Нурбердыева Элчин сайд Б.Батхишигтэй хоёр улсын харилцааны асуудлаар ярилцав.
Түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Туркменистан Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Монгол Улс сонирхож байгааг элчин сайд илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовт уламжилж өгөхийг хүсэв. Элчин сайд Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, гадаад бодлогын талаар ярьж танилцуулав. Монгол Улсын Их Хурал болон Туркменистаны Межлис-ийн хооронд шууд харилцаа тогтоох, хоёр улсын хамтын ажиллагааны хууль, эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар харилцан ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн тулд Монгол, Туркменистаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах, мөн улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2014 оны эхний улиралд хийхээр тохиролцож буйг элчин сайд мэдээлэв.
Монгол, Туркменистаны хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах ихээхэн боломж, бодит шаардлага байгааг элчин сайд дурьдаад юуны өмнө хоёр тал бие биедээ гардуулсан баримт бичгүүдийг судлан үзэж, ойрын үед гарын үсэг зурах хэрэгтэй байгааг тэмдэглэв.
Хатагтай А.Нурбердыева Туркменистаны Засгийн газраас улс орныхоо хөгжлийг хурдасгах, ард түмнийхээ нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, соёл, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлын тухай дэлгэрэнгүй ярив. А.Нурбердыева Туркменистан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж өгөхийг хүсэв.
Элчин сайд Б.Батхишиг Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд В.Хажиев-тай уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх талаар ойрын үед хийх ажлын тухай тодорхой ярилцаж, монголын талын саналуудыг гардуулав.