
Намын даргаасаа эхлээд удирдлагын багаа шинэчилсэн МАН 21 аймаг, сумдаар ажиллаж ард түмнээ сонсох аян өрнүүлсэн нь ийнхүү сөрөг хүчнийг хүчтэй болгоход нөлөөлсөн гэдгийг намын генсек нь ч, гишүүд нь ч хэлж буй. Засгийн газрын үйл ажиллагаа ямар байгааг ард иргэдтэй уулзаж, тэдний амьдралаас харж болдог гэдгийг МАН сая нэг ойлгож. Аль ч парламентад ард түмний талд илүү зогсдог нь сөрөг хүчин байсаар ирсэн. Ардчилсан нам ч сөрөг хүчний үүргээ сайн биелүүлж байсан учраас энэ удаад ард түмэн итгэл хүлээлгэсэн байх. Тэгвэл МАН-ын удирдлага, нарийн бичгийн дарга нар, УИХ дахь гишүүд нь улсаа тойрч, ард түмнээ эргэж ирсэн нь олонхид үзүүлж буй шахалтуудыг хийхэд хүргэсэн гэдгийг хэлэх хүн олон бий. УИХ дахь бүлгийн даргаа сэлгэж, нийгэм эдийн засгийн хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж Засгийн газрын хоёр сайдыг огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн барьснаар олонхийг анх удаа сандралд оруулж чадав, шинэ парламент байгуулагдсанаас хойш.
МАН-аас тавьсан хүсэлтийг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч олонхи аваад үлдэх боломж илүү байсан учраас МАН завсарлага авав. Ингэснээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд дахин хойшилж, сөрөг хүчин өөрсдийн дайралтыг УИХ дотор ч гадна ч эхлүүллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөр бусад долоон намтай хамтарч Засгийн газрын хоёр сайдыг огцруулах мэдэгдэл гаргаж, харин Шинэчлэлийн хорооны залуучууд нь Төрийн ордны гадаа үнийн өсөлт, долларын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал бодит амьдрал дээр ямар байгааг харуулсан уриа лоозон барьж жагсав. Цаашид МАН эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан хариуцаж буй хоёр сайдад нь хариуцлага хүлээлгэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэж, хөндлөнгийн ажиглагч, эдийн засагч нартай хэлэлцүүлэг өрнүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь хэрэв олонхи хүч түрвэл ард түмэнтэйгээ нэгдэж сөрөг хүчний үүргээ биелүүлэх тактик. Хэрэв олонхи удаа дараа хүч түрэх юм бол энэ парламентийг тараах хүртэл асуудал тавьж болно гэдгээ МАН-ынхан мэдэгдсэн. Хэрэв сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж ажиллаж чадахгүй бол 76-уулаа огцоръё гэсэн сануулгыг олонхид өгчихлөө.
УИХ дахь бүлэг байгуулсангүй, байнгын хороонд ормоор байна, АН олонхиороо хүч түрж байна гэх мэтээр “гоншигнож”, сөрөг хүчин биш сөрүүлдэг хүчин болсон МАН одоо л сөрж эхлэх нь. Тэд одоо л сэргэж, сэрж байна. Харин сөрөг хүчний үүргээ хүчтэй биелүүлж, ард түмний эрх ашгийг хамгаалж чадвал ирэх сонгуульд боломжийн үнэлгээг ард түмнээс авах биз ээ. Гагцхүү сөрөг хүчний үүргээ биелүүлэх, сонгогчдын эрх ашигт нийцүүлэх зөв тактик барьж чадвал шүү дээ.