Фото: Alexander Klein / AFP
Орос Украинд 15 тэрбум ам.долларын зээл өгөхийн зэрэгцээ байгалийн хийн үнийг үлэмж хэмжээгээр буулгалаа. Хоёр орны төрийн тэргүүн нар болох Владимир Путин, Виктор Янукович нар Москвад хийсэн хэлэлцээрийн үр дүн ийм л байна. ОХУ-ын зүгээс Украиныг сонирхлынхоо хүрээнд барьж байхын тулд нефтийн орлогын нөөцөө “ухав”. Украинд олгох мөнгийг Үндэсний баялгийн сангаас гаргаж, хямралын үед хэрэглэхээр хадгалсан Засгийн газрын нөөцөөс байгалийн хий нийлүүлнэ.
Сүүлийн сар хагасын дотор Виктор Янукович ОХУ-д ойр ойрхон саатаж байв. Украин Европын холбоотой түншлэх гэрээнд гарын үсэг зурах учиртай Уильнюсийн саммитын өмнө ч тэд уулзсан. Саммит амжилтгүй болсонд бухимдсан украинчууд гудамж талбайд жагсч, Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээнд аюулын харанга дэлдэж эхлэв. Уулзалт бүрийн дараа талууд тайлбар хийж, Украины Европын холбоотой эвсэх, мөн Гаалийн холбоонд нэгдэх асуудлаар ямар нэг зүйл яриагүй гэж мэдэгдсээр байгаа юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр Кремльд өнгөрсөн мягмар гаригт болсон уулзалтаар улстөрийн элдэв хэлэлцээ хийгээгүй гэх. Гэхдээ үүнд баттай итгэхэд бэрх. Владимир Путин ямар нэг хариу хүсэхгүйгээр Украинд тусламжийн гараа сунгана гэдэг юу л бол… Киев дээрх дурдсан тусламжийн хариуд ямар нэг зүйл амласан л байж таарна. Энэ талаар хоёр орны ерөнхийлөгч ам ангайгаагүй ч хэзээ нэг өдөр илчлэгдэх нь тодорхой.
Украин 2014 оны нэгдүгээр сараас эхлэн ОХУ-аас нэг куб метр байгалийн хийг 400 ам.доллараар бус 268,5 ам.доллараар авна. Түүнчлэн ОХУ Үндэсний баялгийн сангаасаа хөрөнгө гаргаж, Украинд 15 тэрбум ам.доллар олгоно. Байгалийн хийн энэ хямд үнийн нийлүүлэлт хэдий хугацаанд үргэлжлэх, 15 тэрбумын зээлийн хүү, хугацаа ямар байх, тэр нь эргээд ОХУ-д ямар ашигтай талаар мэдээлэл огт байхгүй. Энэ л ОХУ, Украины хооронд байгуулсан гэрээ цэвэр улстөрийн зорилго, агуулгатай гэдгийг хангалттай харуулж байгаа юм.
Киевтэй хийсэн шинэ гэрээ нь Оросын өмнөх эдийн засгийн бодлогыг үгүйсгэж байна. Сүүлийн хэдэн жилийн туршид «Газпром» байгалийн хийн өндөр үнээр Украиныг боомилж байв. 2009 онд Украины «Нафтогазтай» байгуулсан 10 жилийн хугацаатай гэрээгээ шинэчлэх талаар ярилцахаас ч татгалзаж байсан билээ. Хөнгөлөлт үзүүлэх гуйлт бүрийнх нь дараа «Газпром» шүүхээр заргалдана гэж Киевийг айлгадаг байлаа.
Фото: Сергей Карпухин / Reuters
«Газпром» ганцхан удаа буулт хийсэн нь газардоорх агуулахуудад шахах хийн үнийг 40 хувиар буулгасан явдал байв. Гэхдээ тэрхүү хямд үнэтэй хийг улсын «Нафтогаз» компани биш, 2000-аад оны дунд үеэр хоёр орны байгалийн хийн наймааны зуучлагч байсан “RosUkrEnergo” компанийн хувь эзэмшигч Дмитрий Фирташийн “Ostchem” компани худалдан авч байлаа. Нэг үгээр хөнгөлөлтийг улсад нь биш хувийн бизнест хийсэн гэж болох юм. Харин Киевт буулт хийнэ гэж Москва ярихыг ч хүсэхгүй байлаа.
Оросын эдийн засгийн бодлогод Үндэсний баялгийн сангаас Украинд мөнгө гаргаж өгч байгаа нь бас л хачирхалтай үзэгдэл. Өнөөг хүртэл тэд Үндэсний баялгийн сангийн нөөцөд консерватив хандлагаар хандаж, чухал шаардлагатай үед түүнийг ашиглахаар хадгалж байсан юм.
Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар ОХУ-ын Үндэсний баялгийн санд 2,9 их наяд рубль буюу 88 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө хадгалагдаж байна. Тэгэхээр сангийн нийт хөрөнгийн зургааны нэгийг Украинд зээл хэлбэрээр өгөх гэж байна. Эдийн засгийн хөгжлийн яам нь Украинд олгож байгаа зээл дэд бүтцийн шинэчлэлд гаргаж байгаа мөнгөнд нөлөөлөхгүй гэв. Өмнө нь сангийн хөрөнгийг зөвхөн дотоодын төсөлд л зарцуулдаг байлаа.
Сангийн хөрөнгө байрлуулах нөхцөл нь 40 хувьд нь рублиэр, бусад нь найдвартай гадаадын үнэт цаасаар бүрэлдсэн байх учиртай. Украины үнэт цаас, АНУ-ын үнэт цаас хоёр нэг цүнхэнд зэрэгцэн байж чадахгүй нь ойлгомжтой. Хэдхэн хоногийн өмнө Украины үнэт цаасны ашиг нь 2014 оны дундуур төлөгдөх нөхцөлд бол 20 хувиар, эрсдлийн хувь нь 50 хэмээн дүгнэгдэж байлаа. Одоо Оростой гэрээ байгуулсны дараа ханш нь доошилж эхэлнэ. Ер нь бол Орос тэр мөнгөө хэзээ ч эргэн харахгүй гэх магадлал маш өндөр.
Эцэст нь Киевт зээл өгөхийн тулд Москва хуулиа өөрчлөх хэрэгтэй. Одоо Үндэсний баялгийн санд зөвхөн рубль болон дэлхийн хөгжингүй 13 орны валют л байх ёстой. Тэдний дунд Украин байхгүй.
Өнгөц харвал, Янукович Путинтэй тохиролцсон нь түүний улстөрийн егүүтгэл гэхээр. Майданд олон мянган хүний эсэргүүцэл үргэлжилж, улс орных нь тал хувь евроинтеграци тасарсанд хилэгнэж байхад Украины ерөнхийлөгч Москвад саатаж, Оростой эдийн засгийн хувьд нягт эвсэлдэх талаар ярилцан тохиролцсон нь гайхмаар. Гэхдээ үнэн хэрэгтээ бол тийм биш.
Янукович сүүлийн хэдэн сарын дотор Оростой нөхөрлөхийн үнэ цэнийг харууллаа. Украин Оросын сонирхлын бүсэд албан ёсоор үлдэхийн төлөө зүүн хөрш нь өглөгч зангаа харуулахад бэлэн. Гэхдээ амьд мөнгөөр тэр даруйд нь өгнө. Европын ямар ч түнш нь тийм мөнгийг Киевт өгч чадаагүй. Чадах ч үгүй биз.
Хоёр орны худалдааны эргэлт 45 тэрбум ам.доллар болтол буурч, энэ жилийн эхний есөн сард 15 хувийн уналттай байв. Энэ нь Киев Оросын байгалийн хийг бага хэмжээгээр худалдан авч хэрэглэх болсонтой холбоотой. Тийм байдлаар хуучин Зөвлөлтийн орнуудаас Украин Оросын худалдааны түншүүдийн жагсаалтын хоёрт бичигдэнэ гэж Дмитрий Медведев хэлж байсан юм.
Хэзээ нэгэн цагт Украины амжиргааны төвшин дундаж Европын хэмжээнд очно гэдгийг л Европ амлаж болно. Киев тэднээс илүү таатай мэдээ сонсохгүй. Украинд одоо мөнгө л хэрэгтэй. Сүүлийн таван улирал дараалан Украины дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл унаж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унасаар байгаа. Зөвхөн арваннэгдүгээр сард тус орны олон улсын валютын нөөц 19 ам.тэрбум доллараас доош оржээ. Украины гадаад худалдааны хэмж.э нэмэгдэж буй ч Оростой хийж байгаа наймаа нь багассаар байна. Тус орон эдийн засгийн гүнзгий хямралд байгаа энэ цаг мөчид л мөнгө хэрэгтэй. Төсвийн алдагдал, хуучирсан үйлдвэрүүдийг шинэчлэх зэрэгт Украинд өөр хувилбар байсангүй.
Янукович Путинтэй тохиролцсоноор эдийн засгаа аварч байна. Харин энэ алхам нь түүний ерөнхийлөгчийн сэнтийг ганхаахад гайхах зүйлгүй. Европтой эвсэхийг дэмжиж буй украинчууд 2014 онд ээлжит бус сонгууль явуулахыг шаардах болно. Зөвхөн сонгууль ч бус. Тодруулбал, сөрөг хүчин, УДАР намын лидер Виталий Кличко Майданы индрээс мэдэгдэхдээ, “Янукович Украины стратегийн давуу талыг Путинд барьцаалсан. Бүр цаашилбал, түүний хийн тээвэрлэлтийн системийг барьцаанд өгсөн. Тиймээс түүнийг тулаанд дуудаж байна” гэжээ.