Хөхөө өвлийн хүйтнээр хөөдөг нь хаанахын ёс вэ?

Хуучирсан мэдээ: 2013.12.20-нд нийтлэгдсэн

Хөхөө өвлийн хүйтнээр хөөдөг нь хаанахын ёс вэ?

“Наран туул” худалдааны төвийн худалдаачид “босс” Ш.Сайхансамбуудаа хайртай гэх нь бий. Олон зуун түрээслэгч тус захаас амьдралаа залгуулж хөлөө олох нь нэг нь олж, хөлжих нэг нь хөлжсөн болохоор “боссыг”-оо хүндэлж ирсэн биз. Гэвч тус захын захиргаанаас гаргасан зарим нэг шийдвэр нь хэрээс хэтрээд байгааг өчигдөр “Наран туул” худалдааны төвийн гадаах талбайд худалдаа эрхэлдэг хэсэг иргэд хэвлэлийнхэнд хандах үеэрээ дэлгэлээ.

Худалдаачдын тайлбарлаж байгаагаар “Наран туул” худалдааны төвийн гадаах талбай нийтийн эзэмшлийн талбайд хамаардаг аж. Уг талбайд ил задгайгаар худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэрийг Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналын газраас өнгөрсөн зургадугаар сард гаргаж, захын захиргааныханд ирүүлсэн юм байна. Харин үүнийгээ захын захиргааныхан хэрэгжүүлэх нэрээр хөхөө өвлийн хүйтнээр 140 гаруй түрээслэгчээ ажлынх нь байрнаас хөөж явуулжээ. Хамгийн бүдүүлэг нь захын захиргааныхан түрээслэгчдийг “Та нарыг бид өдий олон жил тэжээж ирсэн. Төр засгаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөл гэсэн шийдвэр ирүүлсэн. Шийдвэрээ бид хэрэгжүүлж байна, та муусайн юмнууд даварч байна” гэж хэлээд салаавч гаргасан байгаа юм. Жирэмсэн эхчүүдийг цохиж, барааг нь булаан авсан гээд элдвийн л ааш гаргаж…

Уг нь тэдгээр иргэд нийтийн эзэмшлийн талбайд зогсохдоо үнэ хөлс төлдөггүй биш, сар тутамд 39500 төгрөг төлсөөр иржээ. Цаг хугацаандаа түрээсийн мөнгийг төлөхгүй бол тухайн газраасаа шууд хөөгдөх учраас наймаачдын хувьд яаж ийгээд цаг хугацаандаа түрээсээ төлдөг байсан. Ийм байтал хөлс мөнгө төлдөггүй хэдэн алдуул иргэд худалдаа эрхэлж байсан юм шиг аашлах нь захын захиргааныханд байх ёс суртахуун мөн үү.

Хөөх л байсан юм бол дулаан цагаар явуулчихгүй хөхөө өвлийн хүйтнээр хөөж тууж, лангууг нь нурааж аашилдаг нь хаанахын ёс вэ гэдгийг асуумаар байна. Ямарч байсан ажлын байраа алдсан дээрх 140 гаруй түрээслэгч хөлөө хүрэх газраа хүртэл явахаар шийдсэнээ мэдэгдэнэ билээ. УИХ-ын гишүүн Г.Уянга нарт хандахаас гадна Хөдөлмөрийн сайдад учир байдлаа хэлэх гэсэн. Энэ нь ч зөв биз, Засгийн газраас иргэдээ ажилтай, орлоготой болгож сайхан амьдруулна аа л гэж уриалаад байдаг. Гэтэл “Наран туул”-ынхнаас эхлээд ажилтай, орлоготой иргэдээ хөхөө өвлийн хүйтнээр хөөж туугаад ажилгүй, орлогогүй болгоод байвал иргэд яаж сайхан амьдралд хүрэх вэ дээ.

Эдийн засаг хүнд байгаа үед амьдрал нь улам л хүндэрч таарна биз дээ. Мэдээж ил задгайгаар худалдаа эрхлэхийг тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүн худалдахыг хориглох нь зөв. Энэ ч утгаараа дулаан цагт дүүргийнх нь Мэргэжлийн хяналтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлж, хаахыг шаардаж. Харин түүнийг нь хэрэгжүүлэх ёстой “Наран туул” худалдааны төвийн захиргааныхан яагаад тухайн цаг үед нь шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй, хөхөө өвлийн хүйтнээр ядарсан иргэдийн ажлын байрыг нь үгүй хийв гэдэгт асуудал оршино.

Ер нь УИХ, Засгийн газар түрээсийн үйлчилгээ эрхлэгчдийн зохицуулалтыг тодорхой болгож, хүлээх үүрэг хариуцлагыг нь тодорхойлохгүй бол дуртай үедээ түрээслэгчдийг хөөдөг, үнэ хөлсөө нэмдэг, ялих ялихгүй шалтгаанаар ажлын байрыг нь булааж авдаг зэрлэг үзэгдэл мөддөө намжихгүй нь бололтой. Өнгөрсөн өвлийн турш “Хүчит шонхор” худалдааны төвийн наймаачид түрээслэгч эзэндээ хэрхэн дарамтлуулдгаа ярьж л байсан.

Хэдийгээр мөнгөтэй нэг нь бизнес эрхлэх замаар түрээсийн үйл ажиллагаа явуулж бусдын худалдаа эрхлэх боломжоор хангаж байгаа ч гэлээ хууль дүрэмд захирагдан, хөхөө өвлийн хүйтнээр хөөж туун ажилгүй орлогогүй болгодог увайгүй зангаа татахгүй бол газар, газарт ийм үзэгдэл газар авсаар буруу жишиг тогтоох вий дээ. Монгол Улсад өнөөдөр ард иргэдийг газраас нь хөөхдөө тулбал хүйтний биш дулаан цагаар явуулдаг байх хууль үйлчилж байгааг бас сануулчихъя. Үүдний дэргэд лангуу түрээсэлдэг ядарсан иргэд ч гэлээ тэд Монгол Улсын иргэний нэг хэсэг л байх. 140 гаруй иргэний ард 310 гаруй цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд залуус бий. Ээж нь, эцэг нь, эгч нь, ах нь ажилгүй болохоор 140 гаруй өрх бүл яаж амьдрах вэ? .

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж