NBA-ын тоглогч асан Деннис Родман дахин Хойд Солонгост очих гэж байна. Өмнө нь хоёр ч удаа энэ хаалттай гүрэнд зочилж байсан тэрбээр өнөөдөр Хятадаас гарч БНАСАУ-ыг зорихоор зэхэж буй гэнэ. Түүний хамт баримтат киноны багийнхан Хойд Солонгост очих бөгөөд тэд дөрөв хоногийн хугацаанд байрлаж, Хойд Солонгосын сагсан бөмбөгийн багийнхантай бэлтгэл хийх ажээ. Тэндхийн сагсан бөмбөгчид ирэх нэгдүгээр сард нийслэл Пхеньян хотноо зохион байгуулах үзүүлэх тоглолтод бэлтгэж буй гэнэ. БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8-нд тохиох бөгөөд энэ баярт зориулан дээрх үзүүлэх тоглолтыг зохион байгуулах юм байна.
Родманы аяллыг Их Британийн “Paddy Power” компани ивээн тэтгэж буй аж. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Рори Скоттын мэдэгдсэнээр Родманы аялал ямар нэг улстөрийн зорилготой бус, гэхдээ спорт ямар ч асуудлыг шийдэх хүчтэй гэдгийг харуулах болно гэжээ. Родман БНАСАУ-д байх үеэр Ким Чен Унтай уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь хоёр ч удаа БНАСАУ-д зочилж байсан Родман тухай бүртээ тус улсын удирдагч Кимтэй уулзаж байсан, тэднийг дотно найзууд хэмээдэг билээ.
С.ЦЭЛМЭГ