
Өмнө нь эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ангилалд олимпийн жинд дөрвөн жин багтдаг байсан бол хоёрыг нэмж оруулснаараа онцлогтой. Эсрэгээрээ эрэгтэйчүүдийн төрлөөс нэг жинг хасчээ. Ингэснээр Риогийн дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, мөн сонгомол бөхийн тус тус зургаан жингийн ангилалд бөхчүүд өрсөлдөх болж байна.
Олимпийн шинэ жингийн ангиллуудыг танилцуулъя.
Чөлөөт бөх /эрэгтэй/: 57, 65, 74, 86, 97, 125 кг
Сонгомол бөх: 59, 66, 75, 85, 98, 130 кг
Чөлөөт бөх /эмэгтэй/: 48, 53, 58, 63, 69, 75 кг
Олимпиос бусад буюу дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом, Алтан гран-при зэрэг FILA-гийн тэмцээнүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 61 ба 70 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 55 ба 60 кг, сонгомол бөхийн төрөлд 71 ба 80 кг-ын жингийн ангиллыг нэмж оруулах гэнэ. Харин өсвөр үе болон залуучуудын жингийн ангилалд ямарваа нэг өөрчлөлт оруулаагүй байна.
Барилдааны дүрмийн тухайд зарим нэг өөрчлөлт оруулсан бөгөөд заримаас дурдвал, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авсан, харин сонгомол бөхийн төрөлд найман оноо илүү авсан техникийн давуу ялалт байгуулсанд тооцно. Чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэд 4, сонгомол барилдаанд 4 оноо, онцгой, уран гоё шидэлтэд 5 оноо өгч байх, гурван онооны хоёр шидэлт хийх, эсвэл таван онооны шидэлт хийвэл барилдааныг шууд дуусгаж байхаар шинэчилсэн дүрэмд тусгажээ. Түүнчлэн хэвтээ барилдаанд нуман тулгуурт оруулж, таван секунд дарахад нэг оноо өгч байхаар болсон байна.