
Хайрын олон сайхан дуутай “Freezone” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-нд “Хотын хэмнэл” тоглолтоо амжилттай тоглосон билээ. Харин тус хамтлагийн залуус тоглолтын тодорхой орлого, мөн залуусын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” бүтээхээр болсноо тоглолтын өмнө зарлаж байсан. Энэхүү модыг Монголын шилдэг дархчууд төмрөөр урлах бөгөөд хайр сэтгэлээр холбогдсон хосууд үнэнч хайрын бэлгэдэл болгон цоож зүүж, түлхүүрийг нь хоёр биендээ нэг нэгээр нь нандигнан хадгалдаг учиртай аж. Олон улс оронд Хайрын мод байдаг юм байна.
“Freezone” хамтлагийн гишүүн Д.Баттөмөрийн ах “Номин талст”-ын Д.Батсүх энэхүү “Хайрын мод”-ыг бүтээхэд зориулж хувиасаа 2 сая төгрөг гардуулан өгсөн бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд ч хандив өргөхөө мэдэгдсэн байна. Мөн саяхан “Sweetymotion” хамтлагийн гишүүн Т.Солонго сая төгрөг хандивласан бол “Ice Top” хамтлагийнхан ч мөнгөн хандив өргөхөө мэдэгдсэн байна. Ийнхүү тун удахгүй “Хайрын мод” нахиалах нь ээ.
Д.БҮҮВЭЙ