Мөнгөтэй биш ложистиктой улс хөгжинө

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Мөнгөтэй биш ложистиктой улс хөгжинө

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт болж байна. Төмөр зам, тээвэр, ложистикийн асуудлыг хэлэлцэх энэ удаагийн уулзалтыг оролцогч талуудын ард түмэн  болон олон улс анхааралтай ажиглаж байна гэчихэд дэгсдүүлсэн болохгүй байх. Энэ удаагийн уулзалт гурван улсын  ашиг сонирхлыг шинэ агуулгаар баяжуулсан зорилттой, харилцан санал санаачлагатай, шийдвэрлэх алхамтай болно гэж судлаачид мэргэжлийнхэн үзэж байна. Зохих хугацаанд зорьж бэлтгэсэн, зарчмын шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохоос өөр аргагүй цаг хугацааны болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдалд уг уулзалт болж байна. Ялангуяа Монгол улс, монголчуудын  хувьд.

Өргөн, нарийн аль нь ч яах вэ, царигийн асуудлыг шийдээсэй гэж олон нийт наминчилж байна. Наминчлах гэх үг хэрэглэх хэмжээнд асуудал сунжирч, ард түмэнд хүлээлт үүсчээ. Учир нь, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замыг л шийдэхгүй бол хөгжиж дэвжихийн тухай ярихын ч хэрэггүйг тэд мэдэж байна. Харин Монгол дахь маргалдагч талууд энэ хүрснээсээ ичиж, одоо аль нэг талаа хүлээн зөвшөөрөх эсвэл дундын буюу хоёуланг тавих хувилбараар хөршүүдтэйгээ ярилцаасай. Ер нь бол Монгол газар зүйн геополитикийн давуу байдлаа, мөнхийн хоёр том зах зээлийнхээ хэрэгцээ шаардлагыг одоо л сайн мэдэрч ашиглахгүй бол хожимдоно гэж эрдэмтэн судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Ази-Европын сүлжээнд холбогдох, дэлхийтэй тэдний стандарт, ханшаар наймаа хийх, ложистикийн сайн байршлаараа бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэх  том боломжоо алдах аж.  

Төмөр зам барих, хоёр царигийн нэгийг сонгочвол л болох мэт бид ойлголт бий. Гэтэл төмөр замыг ашиглах, өөрөөр хэлбэл, ложистикийн асар том боломж байгаад   анхаарах цаг иржээ. Сибирийн бүсийг Хятадын аж үйлдвэртэй холбох, Казакстан, алс Дорнодоор тойрох гарц, зүүн талаар хоёр том маршрут, гурван ч коридор бий болно. Хэрэв Монгол энэ удаа төмөр замын талаар өөрсдийн байр суурийг хатуу илэрхийлж, зарим талаар, тухайлбал, транзит тээврийн хувьд зөөлөн эерүү бодлого баримтлахгүй бол  хоёр хөрш цаагуураа нэгэнт шийдчихвэл ниргэсэн хойно гэдгийн үлгэр болно. Татварын бодлого, дамжин өнгөрөх хураамж, тээврийн бүтэц энэ янзаар байвал тэд Монголыг хараад, хүлээгээд суухгүй. Казахстан транзит тээврээс 2010 онд 900 сая ам.долларын ашиг олжээ. 2011 онд 16,5 сая тн ачаа тээвэрлэсэн бол 2050 онд 500 сая гэж төлөвлөж байна.  Ингэж тэд ашиг хийн, салбарын ирээдүйн бодлогоо тодорхойлж байна. Монгол транзит тээврийг хөгжүүлж, хөршүүд болон Ази-Европын сүлжээнд холбогдож Транс-Монгол нэрийг гаргаж чадвал  “Олон улсын тоглогч” болж, Дэлхийн Худалдааны байгууллагын стандарт, тарифт хүрнэ. Энэ нь хөршүүдээс мөнхийн хараат байх явдлыг халах том боломжийг олгох юм.

Царигийн тухайд хойд хөрштэй өргөн, урдтай нарийн замаар холбогдсон байлаа гэхэд зарчмын нэг их асуудал, хохирол амсаад байх юмгүй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Хадгалах байгууламжийг барих, төмөр замаа цахилгаанжуулж хурдны болгох, зэрэгцүүлж ачих өндөр технологийг нэвтрүүлэх гээд тохирсон аргуудыг хэрэглэн улмаар тэдгээр нь Монголд ашигтай байх аж. Гацаад, зөвхөн нэгийг нь сонгох гээд хэдэн арван жилийг барах асуудал биш болжээ. Аль алиных нь хэрэгцээ шаардлага, зах зээл  хоёр талд  байна. Алийг нь байсан арчилж, тордоно. Монголын төмөр замын инженер техникийн ажилчид тэр “дайнд” ажиллах дадлага туршлага хэдийнэ сууж, бэлтгэгджээ.  Царигийг  энэ удаагийн хурлаар шийдэхгүй ч Монгол дотроо нэг мөр болохгүй  бол хөршүүдийн тухайд Монголгүй урагшлахгүй л юм байна.   

Хичнээн баялаг, уул уурхай, эд бараа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн байгаад ч хэрэглэгчдээ хүрч, үнэ хүрэхгүй бол яах  юм билээ. Бас цаг хугацаа гэж том мөнгө. Энэ бүгдийг алдах эрх шийдвэр гаргагчдад байхгүй тул гурван талт уулзалт амжилттай, харилцан ашигтай, маргаашаасаа хэрэгжих шийдвэртэй болно гэж найдъя.

Мөнгөтэй биш ложистиктой улс хөгжинө.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж