
Албан тушаалын шахаа хийх гээд бүтэлгүйтэхээрээ Засаг даргаа огцруулах гэдэг Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна гэнэ. Засгийн эрхийг барьж буй АН-ынханд ийм хууль бус ажиллагаа явагдаж байлаа. Энэ АН-ынхан яачихсан юм бэ. Улс төрийн тайзан дээр бус хар гэрийн хатавчинд хэдэн жил хэвтэхдээ юуг ч ухаараагүй бололтой юм. Дорноговь аймгийн ИТХ дахь АН-ын хэдэн хөгийн төлөөлөгчид Засаг дарга П.Ганхуягаа огцруулах гээд улайраад байгаа нь ийм учиртай юм байна. Тус аймгийн ИТХ 24 төлөөлөгчтэйгөөс олонхи нь буюу 16 нь Ардчилсан намынх. ИТХ-ын олонхи нь АН-ынх учраас өмнөх Засаг даргаа улираан сонгож ажиллуулах шийдвэрийг тэд л гаргасан. Өөр хэн ч биш. МАН-ынхан бүр ч биш. МАХН-ын ганц төлөөлөгч ч бус. Өөрсдөө сонгосон. Харин сонгосон шигээ түүнд хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг. Дорноговь аймгийн ИТХ яг л тийм болчихож. Болж бүтэхгүй байгаа болгоныг хойд талын муу хар овоохой гэдэг шиг МАН руу чихдэг байсан. Тэгвэл одоо өөрсдөөсөө өө хайгаад үз гэж хэлмээр байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засаг даргаа огцруулах тус аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэсэн нь тэднийг хүндэтгээгүйд бус хууль бус шийдвэр гэдгийг нь мэдчихсэн хэрэг. Тэжээсэн хэдэн муу бяруу нь хүний сүрэгтэй нийлчихээд эргэж ноцоод байхад хэн дуртай байх билээ. Зүй ёсны шаардлага тавьж байгаа бол болж л байна. Харин хэдэн хүнийг албан тушаалд томилох даалгаврыг тус аймгийн АН-ын хэсгийн ахлагч нь МАН-ын хэдэн нөхөртэй нийлээд Засаг даргадаа өгч. Нөгөөх нь юу гэж биелүүлэх вэ дээ. Орон нутаг төсвөө өөрсдөө захиран зарцуулдаг болсноор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаал гэдэг хэн хүний хийгээд байх ажил, хашаад байх алба биш. Тэр тусмаа нам нь улсын болоод аймгийн олонхи болчихоод аймаг, орон нутгийн төсвөө захиран зарцуулж, ирэх дөрвөн жилийнхээ “визийг даруулах” гэж байгаа учраас бүр ч үгүй. Намынхныхаа энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй П.Ганхуяг ИТХ-ын төлөөлөгчдөө муухай харагдсан учир нь ердөө л энэ. Хууль бус, ёс зүйгүй асуудал гэж энийг л хэлэх байх. Дорноговь аймгийн АН-ынхны энэ үйлдлийг бодохоор янз бүрийн зүйр цэцэн үг санаанд орж ирээд байх юм. Хоёрыг нь дээр хэлчихсэн. Бас ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэх ч юм уу, мунхаг хүнд төрийн жолоо бүү атгуул гэхчлэн цааш урсаад байх төлөвтэй. УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгууль болоод бараг хоёр жил болж байна. Эрх баригч намынхны ажил жигдэрсэн, цэгцэрсэн байх үе. Олон аймаг Засаг даргагүй, хэд хэдэн аймаг төсвөө батлаагүй байна. Ажил, хөгжил хоёрыг ингэж хийдэггүй юм гэж танай намын Ерөнхий сайд чинь ам ангайх бүртээ хэлдэг. Дээрээ ийм бодолтой байхад доороо иймэрхүү гүйдэлтэй байж болно гэж үү. Үнэхээр онигоотой юм. П.Ганхуяг гэдэг засаг ноёныг би танихгүй. Мэдэх ч үгүй. Гэхдээ аймгийнхаа АН-ын увайгүй хэдэн нөхөд рүү гаргасан “салаавч”-ийг нь түмэн олон бүү хэл төр үнэлсэн ч багадах биз. Тэдэнтэй нийлээгүй, үгсэн хуйвалдаагүйнх нь төлөө. Одоо цагт хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төлөө төрсөн эцэг эх, хүүгээ ч худалдах нь энүүхэнд байгаа биз дээ. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас П.Ганхуяг даргыг огцруулах таван зүйлийн үндэслэлийн нэг нь орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй хэмээн дурьдсан юм билээ. Дөрвөн жилийнхээ талд нь ч ороогүй байхад юун мөрийн хөтөлбөрийн биелэлт, хөгжлийн үндсэн чиглэл вэ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргыг хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцүүлэн томилоогүйгээс хамаг ажил нь зогсчихсон юм уу. Энэ хоёр суудлыг авах гэж улайрч, өөр бусадтай өвөр түрийдээ орж байснаас улираан сонгосон засаг ноёноо түшээд дэмжээд явсан нь өлзийтэй бус уу. Хэзээ нэгэн цагт зүтгүүлсэн хүмүүс чинь яг та нар шиг эргэж мөргөхгүй гэж газаргүй шүү дээ. Бизнест л шахаа гэж байдаг болохоос албан тушаалд шахаа гэж байдаггүй юм шүү, АН-ынхаан. Эцэст нь, аймгийнхаа АН-ын хэдэн нөхдийн албан тушаалын шахаанд өгсөн засаг ноёны “салаавч” гоё байлаа.
Төлбөртэй нийтлэв.