Оюутолгойн туслан гүйцэтгэгч ажилчдаа гэнэт халжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Оюутолгойн туслан гүйцэтгэгч ажилчдаа гэнэт халжээ

Оюутолгой ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Maxam  explosives”ХХК өнөө өглөө 12 ажилтнаа гэнэт ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Тус компанийн ажилчдын зүгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт компанийнхаа удирдлагуудад хандан “Ажлын байрны нөхцөлөө тодорхойлж, цалингаа нэмэгдүүлэн тогтворжуулах” хүсэлтийг гаргасан байна. Тэрхүү хүсэлтийн хариуг ажлын тав хоног дотор ирүүлэхийг мөн хүссэн байна. Оюутолгойн дотоод журмаар бол амралтын өдрийг ч ажлын өдөрт тооцдог тул ажилчид өчигдөр буюу мягмар гаригийг хүртэл удирдлагуудад илгээсэн хүсэлтийнхээ хариуг хүлээжээ. Хариу ирүүлээгүй тул 12 ажилчин ажил хаялт зарласан байна. Үүнээс болж  компанийн удирдлагууд болон ажиллагсдын дунд үл ойлголцол үүсч, удирдлагууд нь ирэх баасанг хүртэл хүлээхийг хүсчээ. Ажилчид ч зөвшөөрч өнөө өглөөний 05 цаг 30 минутад ажилдаа гарахаар очтол “Та нарыг ажлаас халсан” гэсэн хариу өгсөн бөгөөд ID  картыг нь хураан, ажлын үнэмлэхийг нь авсан байна. Ажлын асар хүнд нөхцөлд , тэсэрч дэлбэрэх бодис дунд хэвийн бус орчинд ажилладаг ч сард 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авч байгаагаа шударга биш гэж үзэж удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн ажилчид ийн ажлаасаа халагджээ.

Ажилгүй болсон хүмүүс яг одоо Оюутолгойн кэмпээс Улаанбаатар руу онгоцонд суух гэж байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж