Н.Хүрэлсүх батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

Н.Хүрэлсүх батлан даалтад гарчээ

“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх батлан даалтад гарчээ

-Түүний ерөнхий нягтлан бодогчийг мөнгө завшсан хэрэгт голлон оролцсон гэж буруутгав-

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангаас их хэмжээний мөн­гө завшсан хэрэгт хэд хэ­дэн хүнд АТГ-аас эрүү­гийн хэрэг үүсгэн шалгаж бай­гаа билээ. Энэ хэрэгт сэ­жигт­нээр татагдан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ан­гид хоригдож байсан “Цэ­вэр агаар” сангийн захи­рал Н.Хү­рэлсүхийг батлан даал­тад гаргажээ. Түү­нийг тус сангийн ерөнхий нягт­лан бодогч М.Хулан, тус­лах нягтлан бодогч А.Болд­маа, БОНХЯ-ны ажилтан Д.Цэцэгээ, “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Б.Чи­мэд-Эрдэнэ нарын хамт эрүүгийн хэрэгт татсан.

Тэднийг арав орчим тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан, бусдад шилжүүлсэн хэргээр Эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг завшсан гэх хэрэгт буруутгасан юм. Н.Хүрэлсүхийг батлан даалтад гаргах болсон шалтгаан нь түүнийг хэрэгт оролцсон оролцоо, гэм буруутайд тооцох үндэслэл багатай гэж хуулийнхан үзсэн бололтой. Тодруулбал “Цэвэр агаар” сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хуланг энэ хэрэгт голлох үүрэгтэй оролцсон гэж цагдаагийн байгууллага буруутгаж буй ажээ.

Ерөнхий нягтлан бодогч М.Хулан нь “Цэвэр агаар сан”-г анх байгуулагдсан цагаас нь нягтлан бодогчоор ажилласан ба энэ хугацаанд хувьдаа мөнгө завшсан, шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон мэдээлэл байна. Тэрбээр өөрийн төрсөн дүү М.Болдын эзэмшлийн “Шарын гол болд” компани руу хоёр тэрбум орчим төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон гэнэ. Эл хууль бус зүйлийг үйлдэхдээ туслах нягтлан бодогч А.Болдмаагийн хамт үгсэн хуйвалдсан гэж буруутгаж буй ажээ. М.Хулан нь А.Болдмааг анх санал болгож ажилд оруулж байсан найзууд гэнэ. Иймд дээрх их хэмжээний мөнгийг нягтлан бодогчид хуйвалдаж хувьдаа завшсан гэж буруутгаж байгаа юм байна. Ерөнхий нягтлан бодогч М.Хуланг хуулийнхан илүү нарийн шалгаж байгаа ба 600 сая орчим төгрөгийн үнэтэй олон өрөө байранд амьдардаг байсан аж. Мөн Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгө, зочид буудалтай чинээлэг нэгэн болох нь шалгалтаар тогтоогджээ. Түүний эзэмшлийн дээрх хөрөнгүүдийг ямар эх үүсвэрээр авсныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Н.Хүрэлсүх мэдүүлэгтээ “Ма­най нягтлан “Цэвэр агаар сан”-гийн данснаас гадагшаа мөнгө гаргахдаа надаас зөвшөөрөл авдаг байсан ч ямар зориулалтаар зарцуулах гэж байгааг сайн мэдэхгүй гарын үсэг зурчихдаг байсан. Нэг сая төгрөгийн зарлага хийнэ гээд 100 сая төгрөгийн гүйлгээ хийх зэргээр залилсан байх боломжтой” гэх утгатай тайлбар хийсэн гэх мэдээлэл байна. Цагдаагийнхан түүний мэдүүлгийн дагуу одоо ерөнхий нягтлан бодогч М.Хуланг нь хорьж шалгаж байгаа юм байна.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж