
Хуульд зааснаар Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог, энэ хугацаа бүх Байнгын хорооны дарга нарын хувьд дууссан. Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Байнгын хорооны даргын сонгуульт хугацааг дахин нэг жилээр сунгаж хоёр жил болгохоор төсөл мэдүүлсэн. УИХ-аас дээрх хуулийн төслийг баталсан нөхцөлд одоогийн Байнгын хорооны дарга нарын сонгуульт хугацаа дахин нэг жилээр сунана. Энэ боломжийг ашиглаж УИХ дахь”Шударга ёс” эвслийн бүлэгт багтдаг МҮАН-ынхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг өөрсдийн намын угшилтай гишүүдээр томилуулах сонирхол өвөрлөж эхэлжээ. Тус байнгын хорооны даргыг УИХ-ын гишүүн Ц.Цолмон хашдаг. Тэрээр МҮАН-аас намын гишүүн байсан ч УИХ-ын гишүүнээр сонгогдож байнгын хорооны дарга болсныхоо дараа МАХН-ын гишүүн болсон юм. “Шударга ёс” эвсэл доторх тохироогоор МАХН нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд гишүүнээ томилуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад МҮАН-аас дэвшүүлж дарга болгосон. Гэвч Ц.Цолмон гишүүн намаа сольсноор тохиролцоо зөрчигдсөн тул МҮАН-ынхан өөрсдийн талаас гишүүнээ тавихыг илүүд үзэх болжээ. МАХН зөвшөөрвөл энэхүү чухал албанд УИХ-ын гишүүн Д.Батцогтыг санал болгох юм байна. Д.Батцогт гишүүний хувьд Нутгийн удирдлагын дэд хороог удирддаг, харин энэ албаа хэнд шилжүүлэх вэ гэдэг одоогоор тодорхойгүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог МҮАН-д авч чадах эсэхээс хамаарч хөдөлгөөн хийгдэх эсэх нь шийдэгдэх бололтой.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ удирддаг. Эл албыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү авах сонирхол бий тухай дуулдаж байна. Хуульч мэргэжилтэй О.Баасанхүү гишүүний хувьд салбар нь хол сонстож байгаа ч З.Баянсэлэнгэ гишүүнээс дор оров гэж хэлэх хүн ч сонстоно. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Төрийн албан хаагчдын тусгай эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар үлдээх талаас УИХ-ын төвшинд нэлээд тэмцэл хийж байсан юм. Гэхдээ О.Баасанхүү гишүүнийг нэр дэвшүүлнэ гэвэл “Шударга ёс” эвсэл дотор сунгаа явж мэдэх аж. Өнгөрсөн жил тус байнгын хорооны даргыг эвслээс тодруулахаар болоход УИХ-ын гишүүн Г.Уянгыг МҮАН талаас сойж байжээ. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн МАХН Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг өөрсдийн намын хүнээрээ үлдээсэн нөхцөлд З.Баянсэлэнгийг өөрчлөх үү, үгүй юу гэдэг бас хамаарах аж.
Бие даагч гишүүдийн хувьд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн томилох саналыг гаргах юм байна.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд Хууль зүйн байнгын хорооны даргын төлөөх өрсөлдөөн хүчээ авч эхэлжээ. Уг байнгын хороог УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж даргалдаг ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд байхаасаа байхгүй нь голложээ. Хааяа нэг Төрийн ордонд ирэхэд нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болохгүй, яваад өгөв үү гэсэн шиг хуралдаан нь зарлагддаг. Дарга нь эзгүй байна гээд хуваарьтай хуралдааныг цуцлалтай биш, бүлгийн гишүүд нь орлохоос аргагүй болж эцэстээ “Алтан гадас” фракц дээр буудаг болжээ. Ингээд нэг харахаар УИХ-ын гишүүн С.Баярцогт Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдчихсон юм шиг хадгаламж зээлийн хоршооны хохирлын тухай яриад л, нэг бол УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тус байнгын хороог удирдан Цэцийн маргаан хэлэлцүүлдэг жишиг тогтсон байна. Ядахад, байнгын хорооны гишүүд нь хуралдаа ирэхгүй тамлах нь олонтаа. Гэсэн атал дотор нь дарга болохын донтнууд цөөнгүй.
Одоогоор УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар Хууль зүйн байнгын хорооны дарга болох өрсөлдөөнд өнгөлж яваа сураг дуулдаж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар даргалдаг. Тэрээр өнгөрсөн намар “Байнгын хорооны даргаас татгалзахад хоргодоод байх юм алга. Засгийн газар шог байна шүү” гэх үг унагаад авсан удаатай ч өөрчилье гэхэд даргын албанаас зүүгдээд байх бололтой юм. Мөн түүний нэгэн адил “Байнгын хорооны даргын албаа өгсөн ч яадаг юм. Нүүрс уутлах ажлыг Ерөнхий сайд биш, хорооны хэсгийн ахлагч хийх ёстой юм. Ерөнхий сайд та жижигхэн асуудалтай зууралдаад байна. Улсын хэмжээнд бодлогын чанартай юм ярь л даа” гэж чуулганы танхимд том дуугарч суусан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хувьд бүлэг дотроо туршлагатай парламентчийн тоонд багтах болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх асуудал энэ удаад хөндөгдөхгүй сунгана гэх мэдээлэл байна. Байгаль экологийн асуудлаар Г.Баярсайхан гишүүний нэгэн адил дуугараад явах гишүүн ч тус бүлэг дотор тоотой аж.
Дарга болохын дон шүглэсэн сайд, дарга нар ч УИХ-д олон байна даа, хөөрхий гэж…