Ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаарх таамаг, хүлээлт дунд ОХУ шатахууны экспортын үнээ нэмэх болсон талаарх мэдээлэл тодорхой боллоо. ОХУ-ын шатахууны экспортын үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сард 347.20 ам.доллар, энэ сард 254.50 ам.доллар байсан ажээ. Тэгвэл 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тонн тутамд 6.1 ам.доллараар нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр одоо автобензин, дизелийн түлшийн экспортын татвар тонн тутамд ийнхүү зургаан ам.доллараар нэмэгдэж, 260 ам.доллар болох юм. Сайн мэдээ дуулгахад, хуучин шиг хойд хөрш шатахууны үнээ нэмэхээр манайд дагаад үнэ өсдөг байдал одоо өөрчлөгдөж байгаа талаар албаныхан хэлсэн. Учир нь шатахууны үнэ бүрдэлт шатахуун экспортлогч орны нэрлэсэн үнээс бус, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнээс шалтгаалах тул зургаан ам.долларын өсөлт шатахууны үнэд шууд нөлөөлөхгүй юм байна. Мөн хуучин шиг шатахууны хувьд ОХУ-аас 90 хувийн хамааралтай байхаа больж, өөр улсуудаас шатахуун бага хэмжээгээр ч болов авдаг болсон. Тиймээс “Ирэх онд ОХУ үнээ нэмлээ, манайд шатахууны үнэ шууд өснө” гэж буруугаар ойлгохгүй байхыг албаныхан давтан хэлж байна.
Дээр хэлсэнчлэн нэг хэсэг ОХУ-аас шатахуун импортын 90 хувийн хамааралтай байснаа 2012 онд 85 хувь болж буурсан бол энэ жил нийт шатахууныхаа 65 хувийг ОХУ-аас авч байна. Үүн дотор 25 хувийг нь ОХУ-ын Төрийн өмчит “Роснефть” компаниас авч буй. Харин үлдсэн 35 хувийн шатахууны хэрэглээгээ БНХАУ, Беларусь, БНСУ-аас шийдэх болжээ. Мөн сүүлд Сингапураас авч эхэлсэн байна. Ийнхүү шатахууны импортоо өөр улсуудаас шийдэх болсноор нэг үеэ бодвол үнийн шуурганд шууд өртчихгүй нөхцлийг бүрдүүлсэн гээд байгаа. БНХАУ-аас авах шатахууны хувьд нийт шатахууны хэрэглээний таван хувийг бүрдүүлж байна. Ирэх жил энэ хувь хэмжээг 10-т хүргэх тооцоотойг салбарынхан хэлсэн. Үүнийг Дорнод аймгийн Халх гол суман дахь Тамсагийн сав газар байрлах үйлдвэрээс газрын тос гарган авч, Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж, эргүүлэн авч буй “Монгол-93” шатахуунаар шийдэх юм. “Монгол-93” шатахууныг энэ жил худалдаанд гаргаж эхлээд нийт 60 мянган тонныг ийм байдлаар нийлүүлсэн бөгөөд ирэх онд 120 мянган тонныг нийлүүлж авах төлөвлөгөөтэй аж. Ямартай ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шууд нөлөөлдөг гол бүтээгдэхүүнийхээ үнийг нэг эх сурвалжаас шийдэх гацаанаас бага багаар холдсоор байна.
Өөр нэг асуудал бол хойд хөрш үнээ нэмэхэд дотоодын шатахууны үнэд шууд өөрчлөлт орохгүй гэдгийг хэлж буй ч шатахуун импортлогч нарт дарамт ирэх нь. Шатахууны үнийг олон улсын зах зээл дэх үнээр тогтоож буй учраас экспортын ийм үнийн өсөлтийг импортлогчид өөртөө “шингээж” авч гарахаас өөр аргагүй бололтой. Үүний тулд импортлогч компаниуд үйл ажиллагааны зардлаа хэмнэх гарц хайх байдлаар шийдэхгүй бол нэгэнт үнэ нэмэхгүй учир хэцүүхэн сорилттой тулгарах хандлагатай байна. Үндсэндээ энэ ханган нийлүүлэлтийн салбар хүндхэн болох нь. Хэзээний л хойд хөрш маань “авбал авна биз” гэсэн хандлагатайгаар ирсэн бөгөөд энэ удаад ч ийм зан гаргах шиг болов. Азаар хэрэглэгчдэд ирэх шууд дарамтаас зайлсхийж чадсан байна. Гагцхүү дотоодын шатахууны үнэ өсөхгүй гэх албаныхны хэлсэн үг биелэлээ олоосой.