Ц.Чимэдцэрэн 14 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдон шалгагдахдаа 10 хүний хамт яллагдагчаар татагдаж байсан. “Хадгаламж” банкны захирал асан Г.Цэрэнпүрэв, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Базар, тус банкны газрын дарга Ц.Батболд, Ө.Эрдэнэхүү, “Хадгаламж” банкны нягт¬лан бодогч Б.Энхтуяа, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Асестес” компанийн захирал Я.Цогтбаяр, ажилтан Г.Хүрэлтогоо, Д.Баасанхүү нарын нийт 11 хүнийг эрүүгийн хэрэгт татан шалгасан ч “аавынд” очсон нь Ц.Чимэдцэрэн, нягтлан бодогч Б.Энхтуяа нар л юм. Тэднээс бусад нь шийтгэл амсаагүй хоцорсон. Эдгээр хүмүүсээс гадна түүний ард нөлөө бүхий улстөрчид байсныг тухайн үед хэвлэлүүд гарган тавьж байлаа. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх энэ хэрэгт холбогдсон ч сугарч үлдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх 11.6 сая төгрөгөөр фургон автомашин авахдаа “Хадгаламж” банкны ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнгээс авсан нь түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдахад хүргэсэн юм. У.Хүрэлсүхээс гадна Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарыг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгахаар тухайн үедээ байсан ч тэгсхийгээд намжсан. Ц.Чимэдцэрэнгийн ард “Хадгаламж” банкны удирдлагуудаас гадна МАН-ын нөлөө бүхий улстөрчид байсан гэсэн үг.
Тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Сингапур явж мэс засалд орсон. Дахиад ч явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа” хэмээжээ. Улсад учруулсан 14 тэрбум төгрөгөө дорвитойхон төлж барагдуулаагүй хэрнээ гадаад явж эмчилгээ хийлгэх, мөрийтэй тоглох хэмжээний мөнгө түүнд байгаа бололтой. Өмнө нь Ц.Чимэдцэрэнгийн хөрөнгийг шүүхээс хураах шийдвэр гарч Төрийн ордны хойд талд байрлалтай орон сууц болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг нь хураан авч улсын орлого болгосон. Мөн түүний нэр дээр байсан бүх хөрөнгийг хураан авсан. Ц.Чимэдцэрэнгийн албан ёсны эзэмшилд мөрийтэй тоглох хэмжээний хөрөнгө үлдэх үндэслэл байхгүй. Иймээс л Ц.Чимэдцэрэнг “хамсаатнууд” нь санхүүжүүлэв үү гэдэг хар төрж буй юм. Хориход байхад нь ч түүнийг хэн нэгэн “харж үзэж” байсныг эх сурвалжууд мэдээлж байлаа. Зүүн хараагийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхад нь түүний талаар “Хорих ангийн хашааг засварлахад нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн” гэх яриа дэгдсэн. Мөн хорих ангийн номын санчаар ажиллаж байхдаа номын санг нь засварлаж өгсөн гэдгээ ч тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Түүнчлэн түүнийг Зүүнхараагийн чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм бууруулсан нь хууль зөрсөн үйлдэл байсныг албаныхан мэдэгдэж байв.
ШШГЕГ-ын холбогдох хүмүүс “Зүүнхараа дахь хорих ангийн хүмүүжигч Ц.Чимэдцэрэн ял эдлэх хугацаандаа улсад учруулсан 14 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байхад магадланд оруулж дэглэм бууруулсан зөрчилд нь тус ангийн удирдлага хурандаа н.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авсан” хэмээж байсан юм. Энэ бүх баримтаас үзэхэд Ц.Чимэдцэрэнг хоригдож байх хугацаанд нь хэн нэгэн эргэж тойрч, бүр дэглэм бууруулах хүртэл нь шүүхийнхэнд нөлөөлж байсан гэсэн үг. Ингэж өөрөөсөө илүүтэйгээр түүнд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхмүүд хэн байж болох вэ. Хэргийг нь үүрч, “дээлээ нөмөрсөн” найзыгаа намын залуус нь харж үзэв үү гэх хардлага төрж байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин