
Украйныг Европын холбоонд нэгтгэхийг хүсэгчдийн бослого үймээн, ажил хаялтаас болж улсынх нь эдийн засаг нь унаж эхэлсэн энэ үед тэрээр ОХУ-аас зээл, хөнгөлөлт хүсч явна. Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэрээр Москва хотноо Владимир Путинтай байгалийн хийн нийлүүлэлтэнд зээл, хөнгөлөлт авах асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Үүнээс гадна Оросын цагаар 15:00 цагт Владимир Путинтай хийх Украйны Ерөнхийлөгчийн уулзалт өөр нэг шалтгаанаар олон улсын анхаарлыг ихээр татаж буй юм. Учир нь энэ уулзалтын үеэр Украйныг ОХУ-н бүрэлдэхүүнд дахин нэгтгэх гэрээг үзэглэж магадгүй хэмээн сөрөг хүчнийхэн хардаж байгаа аж. Украйны сөрөг хүчний тэргүүн Арсений Яценюк Москвад айлчилж буй Ерөнхийлөгч Виктор Януковичид хандан ОХУ-д нэгдэх гэрээ байгуулсан нөхцөлд тэндээ үлдсэн нь дээр болохыг анхааруулжээ.
Украйны эрх баригчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр тус улсыг Европын холбоонд нэгтгэхгүй байх шийдвэр гаргаснаас хойш нийслэл Киев зэрэг олон хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа юм.