
Хууль зүйн яам Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж, 2014 оны эхний улиралд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэрэмжлүүлэг бүхий паспортын хавчуурга хэвлэн БНХАУ-тай хиллэдэг боомтууд, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газарт хүргүүлэх, Төмөр замын буудлын LCD дэлгэцээр 24 цагийн турш шторк цацаж байна. Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа буудал, дэн буудлын тусгай зөвшөөрөл олгохдоо тодорхой шалгуур тавих, зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай байгаа тул Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллахаар харилцан тохиролцоод байна.
Хууль зүйн яам хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд УМБГ, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдэд шаардлагатай байсан тоног төхөөрөмжөөр хангаж, “Хүйсийн тэгш эрхийн төв” төрийн бус байгууллагын хамгаалах байранд 7 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.