Малчид худгаа сэтгэл өндөр хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Малчид худгаа сэтгэл өндөр хүлээж авлаа

-Оюу Толгой ХХК Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 39 худаг засаж, сайжрууллаа –

Говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр нь худаг. Нэгдлийн үед худаг гаргах, сэргээн засах ажил нэлээд хийдэг байв. Гэвч нэгдэл тарснаас хойш хүн хүч, техник, хөрөнгө мөнгө дутагдаж, худаг гаргах, засах ажил бараг хаягджээ. Худгуудын ихэнх нь 50-60 жил эргүүлж хаших ажил хийгдэлгүй, хашилтын хана нь нурж дарагдан, усны түвшин буурч, ундарга нь ч мууджээ. Тиймээс Оюу Толгой ХХК уурхай орчмын сумдын малчид, орон нутгийн захиргаатай хамтран шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засч сайжруулах ажлыг гурван жил дараалан хийж байна. Энэ жил Оюу Толгой компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад нийт 27 гар худаг, 12 гүн өрмийн худаг засаж сайжруулсан юм. Үүнээс Манлай суманд 11 худаг гаргаж, малчдад нь саяхан хүлээлгэн өглөө. Худаг сайжруулах ажлын талаар Оюу Толгой ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн ажилтан П.Болд “Өмнөх хоёр жил зөвхөн Ханбогд суманд худаг засаж байсан. Энэ жилийн гол онцлог нь бэлчээрийн уст цэг сэргээн засварлах ажил Манлай, Баян-Овоо суманд хүрээгээ тэлж байна” гэж ярилаа.

Малчид засуулах худгаа сонгохдоо багийн даргадаа хүсэлтээ гаргаж, хэдэн онд эвдэрч дарагдсан, бэлчээрийн нөхцөл, хэдэн айлын мал услах боломжтой зэргийг харьцуулан хэлэлцэж, баталсан байна. Малчид худгаа хүлээж авсны дараа хамгаалах, арчлах ажлаа хариуцах юм. Худгаа хүлээж авсан Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Д.Амгалан “Хэн ч ирсэн энэ худгийг ашиглах боломжтой, үнэхээр зөв зүйтэй ажил болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол тус сумын ЗДТГ-ын Бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа “Малчдаас ус ховордлоо, худаг ус гаргаж өгөөч гэсэн санал их ирдэг. Тиймээс худаг гаргасан нь их хүртээмжтэй ажил болж байна” гэж ярилаа. Худаг гаргах, засварлах ажлыг "Ус эрдэнэ", "Геомандал", "Болор ус" зэрэг мэргэжлийн компаниуд гэрээгээр гүйцэтгэжээ. Эдгээр компаниуд худгуудыг малтаж, хашилт, шүүр, хамгаалалт, давхарлалт хийх зэрэг ажлыг технологийн дагуу хийжээ."Болор ус" ХХК-ийн захирал Л.Өлзийжаргал “Ер нь гар худгийн ажлыг нэг удаа сайн хийчихвэл эвдрэл багатай, эдэлгээ удаан байдаг. Ялангуяа ийм бетонон цагирагтай худгийг 50 жил ашиглах боломжтой” хэмээн тайлбарласан юм.

Энэ жил нийт 39 худаг зассанаас 22 нь Ханбогд суманд, 6 нь Баян-Овоо суманд, 11 нь Манлай суманд байгаа юм. Ингэснээр эдгээр сумдын бэлчээрийн усан хангамж сайжирч, малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрдэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж