Д.Даваасамбуу: МоАХ-ны партизанууд бол хэлмэгдэгсэд

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Д.Даваасамбуу: МоАХ-ны партизанууд бол хэлмэгдэгсэд

-Та өнөөдөр өглөө Улаанбаатарт ирсэн юм байна. Дарханы ардчилсан хувьсгалын ахмад партизан нөхдийн хамт ирсэн гэсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу. Дарханаас Улаанбаатарт ирсэн шалтгаан юу байв?

Намайг Д.Даваасамбуу гэдэг. 1990 онд Дархан хотод Ардчилсан хувьсгалыг хийх жагсаалд оролцож явлаа. Дарханы МоАХ-ыг үүсгэн байгуулж явлаа. Өнөөдрийн өнцөгөөс харахад Дарханы ардчилсан нам маань үнэхээр коммунист нам шиг болж. Үүрийн дарга нарыг нь томилдог, сумын намын хорооны гишүүдийг нь томилдог, аймгийн намын хорооны гишүүдийг нь томилдог. Ямар ч сонгуульгүй, томилгоогоор бүх асуудлыг шийддэг ийм нам болж. Намын дүрэм мөрддөг зүйл алга болж. Би өнөөдөр шинэчлэл хөдөлгөөнийхнийг нэлээд хугацаанд ажиглалаа. Ерөөсөө гол санаа нь энэ залуучууд дүрмээ сахидаг, дотоод ардчилалтай нам болж шинэчлэгдьеээ л гэж байгаа юм байналээ. Тийм ч учраас үнэхээр дэмжиж байна. Нэгэнт намынхаа дүрэм гэж өөрсдөө баталчихаад тэрүүгээрээ л явах хэрэгтэй. Гэтэл тэр маань ерөөсөө болж өгөхгүй, ерөөсөө тэгээд л нэг Бурхан Халдун группын охин компанийн охин компани болчихсон аятай тэгээд нэг гар хөл болсон улсууд нь ээлжлээд дарга цэрэг болж байдаг. Тийм учраас ерөөсөө ерэн оны анхдагчууд бид намаа шинэчлэх хөдөлгөөнд нэгдэж намаа дахин сэргээх нь зөв гэж дэмжиж нэгдэхээр ирлээ.

-Ерэн онд та хэд яг юуны төлөө хувьсгал хийсэн гэж боддог вэ? Дарханд хэр их хүн хувьсгал хийхээр жагсаж байв. Тухайн үед яг юу болж байсан юм бэ?

-Бид нийгэм маань болохгүй байна гэж л хувьсгал хийсэн. Анх тэмцэж байхдаа бүх юмыг л сайн сайхан болгоно л гэж ойлгож байсан юм. Одоо бол яахав үг хэлэх эрх чөлөөтэй, бие биенээ сайнаар ч хэлэх муугаар ч хэлэх эрх чөлөөтэй л болсон байна. Эдийн засгийн хувьд үнэхээр болсонгүй ээ. Өөдөлсөн юм алга. Нам гэдэг чинь хэдхэн цөөн тооны олигарх хүмүүсийн гарт ороод тэр нь буцаагаад энэ ардчилалыг хараар будах, нийгэмд муухай харагдуулах өнцөг нь болоод байна. Дарханы АН яг ийм л байна өнөөдөр. 

-Та Дарханд ардчилсан хувьсгалын салхийг сэвэлжүүлж байжээ. Тухайн үед та идэр залуу байсан. 24 жилийн дараах амьдралаа эргээд харахад таны хүссэн зүйл Дарханд бий болж чадсан уу? Таны амьдрал ер нь ямар байна.

Миний амьдрал үнэхээр хүнд байгаа. Яг ний нуугүй үнэнийг хэлэхэд. Харин хэдэн хүүхдүүд маань өсөж өндийгөөд л тамхи тарианы мөнгөтэй залгаж байна. Манайхны МоАХ-ын партизан нэртэй хүн болгоныг хувьсгалын дараагаар МАН-ыхан хэлмэгдүүлсэн гэж би боддог. Дарханы АН-ыг үүсгэн байгуулцахад гар бие оролцсон. Анх бид намаа байгуулж байхад нээлттэй, ил тод, шүүмжлэлтэй ийм байлаа. Өнөөдөр бол тэр бүрэн хаагдсан. Ямар ч яриа хөөрөө байхгүй болсон. Зөвхөн нэг хүн тулгаад л тэрийг тэгээд бүгд зуун хувь гараа өргөж батлаж дагалдаж байх тийм хэмжээнд болжээ. Энэ бол ерөөсөө бидний хүсэж байсан ардчилал ч биш, бидний хүсэж байсан нам ч биш, бидний хүсэж байсан ирээдүйн зорилго маань ч биш болсон байна.

-Та энийг улс орны хэмжээнд харж байна уу эсвэл Дарханд л ийм зүйл байна гэж харж байна уу? Ер нь яагаад ийм байдалд орчихов оо?

Ерөнхийд нь ажиглахад бусад газруудад ч байж л байна. Ялангуяа хамгийн хүчтэй илэрч мэдрэгдэж байгаа нь бид амьдар ч байгаа учраас энэ Дархан хот байгаа байхгүй юу. Бидний амьдралд хүнд тусаж байгаа учраас. Яагаад вэ гэхээр чинь танай намын дарга нар чинь тэгэж газрын наймаа хийгээд, ингэж газрын наймаа хийгээд гэдэг явган яриа явдаг. Нам гэдэг маань нэг ашиг хонжоо хайсан хүмүүсийн наймааны золиос болоод гишүүд бид нар амь амьдарлаараа хохирч байна. Бурхан Халдуны захирал Мөнхдаш 2007 оноос намын дарга авлаа. Дараа нь төрсөн ах Мягмардаш нь авлаа. Тэгээд дараа нь ах дүү Дашууд хүн зодоод, шоронд явангуут Мөнхдашийн компанийх нь гүйцэтгэх захирал Гантулга нь намын дарга авлаа. Тэгэж байснаа шоронгоос гарч ирэнгуут нь л маргааш нь Гантулга нь Мягмардашдаа намаа хадганд боож өглөө. Ингээд ерөөсөө л ээлжлээд л намыг хувьчилаад авчихсан юм шиг. Гэтэл намын хороо гэдэг маань оюун санааны олонлог байх ёстой. Энэ олонлогоос хүмүүсийн бүтээлч санаа гарч, бодлого бий болж байх ёстой. Хөгжлийн зөв бодлогоор Дарханы ард түмэнд нөлөөлөх ёстой байхгүй юу. Гэтэл бол манай Дарханы АН-д ерөөсөө тийм бодлого байхгүй. Зөвхөн нөгөө намыхандаа долдойдох эсвэл нэр дэвшээд огт амжилт олохгүй мэдээжийн хүмүүс дэвшүүлж унагаж ингэж нам ялагдаж ирсэн. Ингэж нөгөө МАН намын нөхдүүдийг дэмждэг болж. Эндээс харахад манай Дарханы АН-ын удирдлагууд МАН-ыг бодлогоор дэмжиж ирсэн байна. Яагаад би ингэж хэлээд байна вэ гэвэл 2008 оноос хойш өнөөдөр бүх сонгуульд энэ бодлого явагдаж байна. Гэтэл Дарханы ард түмэн ардчилалыг дэмждэг үү гэвэл дэмждэг л байхгүй юу? Энэний тод жишээ нь ерөнхийлөгчийн сонгууль байдаг. Яагаад вэ гэхээр чинь Еоөнхийлөгч бол аймгийн засаг дарга хийхгүй. Аймгийн иргэдийн хурлын дарга хийхгүй. Тийм учраас энэ сонгуульд ардчилалыг Дарханчууд дэмжээд байгаа нь харагддаг. Харин орон нутгийн сонгуульд аймгийн удирдлагыг хараад, аймгийн засаг дарга болох хүнийх нь царайг хараад ийм хүмүүсээр энэ аймгийг удирдуулахгүй ээ гэсэндээ АН-д санал өгдөггүй.

–    Та хамгийн сүүлд аймгийнхаа АН-ын байраар хэзээ орсон бэ?

Зааддаа, ноднин орлуудаа. Тэрнээс хойш ороогүй. Намын байраар ороход энэ ардчилсан намын гишүүн шүүдээ гэж, энэ ардчилсан хувьсгалыг хийлцсэн ахмад маань юм шүүдээ гэж хүлээж авч байгаа байдал харагддаггүй. Хоёрдугаарт, манай гишүүд ярьдаг, ерөөсөө тэнд бол нэг хүүхдийн цэцэрлэг, ясли шиг болчихсон байна, намын байраар орохоор хэрүүл уруул ярих юм, намын тэр нэг сайхан бодлогыг сурталчилах юм алга, намын гишүүдэд үйл ажиллагаагаа сурталчилах юм алга, намын анхдагчуудыг сурталчилж байгаа юм алга, ерөөсөө тийм нэг янзын тэрийг тэгчье энийг ингээд чадчихъя гээд л хов жив ярьж байдаг. Тийм учраас манай Дарханы АН-ын байр намын байр гэхээсээ илүү нэг тийм хов жив үйлдвэрлэдэг жижиг цех маягтай болчихжээ. Би ч ер нь тийм байдалтай байгаад байхаар нь гутаж явдаг. Би ч анх нам байгуулалцлаа. Намыг хүлээн зөвшөөрөх хүртэл нь л тэмцлээ. Гэтэл өнөөдөр нам гэдэг бол зүгээр л нэг хэсэг бусаг хүмүүсийн гар хөлийн үзүүр, дохио зангаар л хөдөлж байдаг тийм аппаратыг бий болгоод л түүгээрээ нам гэж нэрийдээд л бусад жирийн намын гишүүдээ бол ерөөсөө гадна талд нь хаячихаад л байж байгаа байхгүй юу.

-Та 24 жил энэ намын төлөө үнэнч байж залуу насаа зорж дуусгажээ. Хэдий муу муухай зүйл намд чинь буглаж, үүрлэсэн ч гэсэн намаасаа гаралгүй явж байгаа юм байна. Энэ хугацаанд таны амьдрал сайжирсангүй. Та тэгээд ийм байдалтай цаашдаа яах вэ?  Юу хийх вэ? Нам энэ тэрээ болчихож болдоггүй юм уу. Насны хувьд та нэгэнт ахмад настнуудын тоонд орлоо шүү дээ.

Би намаасаа гарахгүй ээ. Би одоо 56 настай. Нэгэн бодлын яахав хэдэн сонгууль өнгөрөөх нас бас байна. Намыг бид оролцож байж дахин шинэчилэхгүй юм бол өөр хэн шинэчлэх юм бэ? Энэ намд санаа тавьдаг хүн ч алга хүч ч алга. Яагаадав гэхээр чинь, анхдагчууд энэ АН-ыг бий болгосон. Тэгээд залгамж үе маань аваад явж байхдаа завхаруулаад хаячихлаашдээ. Гэтэл энийг засах гэсэн залуучууд гарч ирлээ. Эхлээд энэ залуучуудыг хоорондоо ямар нэгэн юмнаас болж хагаралдаан байна уу гэж хардаж байлаа. Гэтэл үгүй юм. Фракцлаад энээ тэрээ гээд хуваагдаад байгаа юм алга. Нэг л цул юм. Бодоод байсан чинь эцсийн эцэст энэ намыг л шинэчлэх, нам хэрэв шинэчлэгдэж чадах юм бол гишүүдийн намдаа хандах хандлага маань ондоо болно. Одоо тэгээд аймгийн намын хорооны зөвлөлдөх зөвлөлийг хараад үзээрэй. Бодлого тодорхойлох чадвартай хүмүүс хэд байна? Боловсрол муутай хүмүүс тэр зөвлөлд олноороо байхад зөв бодлого гарахгүй. Боловсролын түвшин гэж байна, мэдлэг гэж байна, практик туршлага гэж байна, бас амьдарлын ухаан ч байна. Ингээд тэр зөвлөлдөх зөвлөлийн хүмүүсийг тооцоод үзэхэд чинь ийм юм байхгүй л байхгүй юу. Тийм юм ерөөсөө харагдахгүй байна. Тийм учраас гишүүд бол ерөөсөө намаас дайждаг. Яг ний нуугүй үнэнийг хэлэхэд. Тийм ч учраас 2012 онд бол Дарханы АН гишүүдээ яг нэг хайрцганд бариад сонгуульд үр дүнтэй оролцуулж чадаагүй. Хоёрдугаарт хүмүүсээ ялгаварлалгүйгээр нэг баг болгоод ажиллуулах юм бол ер нь Дарханы ардчилалыг ард түмэн нь дэмждэг юмаа гэдгийг харуулж чадах л байсан байхгүй юу. Гэтэл энэ чадварыг хэдэн га газар, тэр тендерээр л наймаалцааж зарчихдаг гэж ингэж л улсууд гудамжаар нэг ярьдаг. Тэр бол үнэн. Танай намын удирдлага энэ чигээрээ байх юм бол ардын намыхан бидэнд ашигтай гэж ярьдаг, басамжилдаг. Хэрвээ танай нам удирдлагуудаа солих юм бол орон нутагт ялах бүрэн боломжтой гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр би хэдий ахмад настны тоонд орж байгаа ч гэлээ шинэчлэлийн төлөө бүх юмаа зориулаад л дуусна. Энийг одоо өөрчлөхөөс өөр зам байхгүй л гэж бодож байна.

-Ардчилсан намын төв байранд суулт хийгээд, бүр өлгөсөлөн зарлахаа мэдэгдээд байгаа энэ залуус нам авч явахад балчирдах юм бишүү? Зарим хэвлэлд шинэчлэх хөдөлгөөнийг албан тушаалын төлөөх амбицтай залуусын найруулсан жүжиг гэх маягтай зүйл гарсан байсан.

Би энэ залуусыг анх албан тушаалын төлөө амбицтай хэсэг залуус гарч ирж бужигнуулах гээд байна уудаа гэж харж байлаа. Гэтэл тийм биш юмаа. Энэ хөдөлгөөнийг тэргүүлж байгаа Наранбаатар даргаас гадна Аймгийн АН-ын дэд дарга Төмөртогоо, Аймгийн засаг даргын орлогч Баянмөнх, Дархан сумын АН-ын дарга Баяраа, аймгийн ардчилсан залуучуудын холбооны дарга Тамираа гээд шижигнэсэн сайхан залуус байна. Мөн Орхон сумын АН-ын дарга Цогтбаатар, Шарын гол сумын  АН-ын дарга Ганзориг гээд бидний үеийн ахмад партизанууд ч энэ шинэчлэх хөдөлгөөнд нэгдсэн байна. Эндээс харахад одоогийн намдаа албан тушаалтай л залуус юм. Гэтэл энэ залуус энэ албан тушаалдаа ханаад амин хувиа бодоод гараа хумхин сууж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Харин ч эрсдэл хийж, зориг гаргаж байна. Намын хороогоо ардчилалын зарчмаар, сонгуулийн зарчмаар нь шинэчлээд хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн намын хороотой байхыг хүсээд шинэчлэл хийх алхамаа эхлүүлсэн байх юм. Энэ Бурхан Халдуныхан чинь хотод байгаа намын удирдлагуудад буруу ойлголт өгөөд энэ залуучуудыг ерөөсөө нам үймүүлж байгаа мэтээр яриад өөрсдөө бол жинхэнэ намын удирдагч лидерүүд мэтээр яриад, ингээд ард түмэнд бас буруу ойлголтыг өгчихсөн юм байна. Энэ бол намыг шинэчлэхэд саад тавих гэсэн явуургүй цуурхал. Бурхан халдуныхан өөрсдийнхөө цөөн хэдэн янз бүрийн хүмүүсийг хотод авчираад  төв нам дээр худлаа яриулж, генсект шантааж хийгээд байдаг. Өлсөнө, үхнэ гээд айлгаад байдаг. Гэтэл жинхэнээсээ энэ намын болж бүтэхгүй зүйлсийг олж хараад өөрчлөлт, шинэчлэлт хийх гээд байгаа хүмүүсээ төв нам нь огт сонсохгүй байж байдаг. Сая Оюундарь генсек Дарханд хоёр ч удаа ирээд намын жирийн гишүүдтэй уулзахдаа ерөнхий байдлыг гадарласан байх. Яг нам дотор, амьдрал дээр нь, газар дээр нь, хөрсөн дээр нь байгаа бидний хувьд одоо л энэ байдлаа өөрчлөхгүй юм бол өөр хэн ч өөрчлөхгүй юм байна гэж ойлгосон. Тийм учраас дуу хоолойгоо төв намынхаа удирдлагад хүргье. Энэ дотоод сонгуулийн хорооны удирдлагуудад, хяналт шалгалтынхандаа ирж бодит мэдээллийг хүргэхгүй юм бол болохгүй юм байнаа. Дарханы АН бол өнөөдрийг хүртэл буруу зөрүү ойлголтоор явчихсан байна. Тийм учраас энэ шинэчлэх хөдөлгөөний тухай буруу зөрүү ойлголтыг арилгаж бид нар дахин эхлэл хийх, дахин хувьсгал хийх хэрэгтэй юм байна. Энэ тэмцлийг намын удирдлагууд үнэн бодитоор нь шүүж, зөв шийдвэр гаргаасайдаа.

-Дархан-Уул аймагт АН-ын тухай ярихаар таван Даш гэдэг хүний тухай л ярих юм. Дарханы АН-д залуус элсэх дургүй юм шиг. Намын гишүүд нь намдаа итгэх итгэл нь маш их суларсан юм шиг санагдсан. Саяхан танай нэг партизан би хүүхдээ АН-д элсүүлэхгүй гэж ярихыг би сонсоод их гайхсан. Энэ хүн юуны төлөө тэмцчихээд ингээд өнөөдөр АН-д битгий элсээрээ гэж хүүхэддээ захих болов гэж. Та хүүхдээ АН-д элсүүлэх үү?

Би Бурхан Халдуныхны удирдлагууд байгаа цагт бол оруулахгүй. Яагаад гэвэл эд нар хүмүүсийг зөв төлөвшүүлэх нь битгий хэл өөрсдөө хүний хувьд төлөвшөөгүй, улс төрийн ямар ч боловсролгүй хүмүүс. Боловсролгүйгээс гадна бүр мэдлэг ч байхгүй. Зүгээр нэг аж ахуй удирдах арга хэлбэрээр ингээд л нэг тушаал буулгах, захирах, зандрах маягаар намыг авч явдаг нөгөө оюуны олонлог, нөгөө санал, санаачилгуудыг төвлөрүүлээд тэндээсээ бодлого гаргах ямар ч чадвар байхгүй. Хэрвээ чадвар байдаг байсан бол энэ тэмцэлүүд явагдахгүйшдээ. Нам ингэж олон хуваагдаж хүчээ тарамдахгүй. Ухаантай хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддаг, тэр намын бодлогыг уян хатан явуулж чаддаг тийм хүн намын удирдлага байх ёстой. Намын аппаратаа удирдлагаар хангаж манлайлж ажиллаж чаддаг байх ёстой. Тэрнээс биш хүнд хаяг нааж Алтангадасынхан, МоАХ-ынхан, тэр энэний хүн гээд л. Сүүлдээ бүр энэ фракц гэдэг ойлголтоо бүр хүн болгоод ойлгочихсон. За Доржийн нохой байна. Наадахыг чинь ерөөсөө намын хороонд оруулахгүй шүү гэх жишээний. Фракц гэдэг маань хурал хуралдуулж бодлого явуулахад л үзэл бодлын олон салаа мөчрүүдийг зангидах зорилгоор л гарч ирсэн болохоос хүнд хаяг нааж хүнээр нэрлэж тэрний энэний хүнээр нь ялгаварлан гадуурхдаг зүйл огт биш. Тийм учраас өнөөдрийн намын бодлогыг би хүлээн зөвшөөрөхгүй. Үр хүүхдүүдээ ч Дарханы АН-д элсүүлэх бодол алга. Харин МоАХ-д бол элсүүлсэн. Намд элсүүлье гэхээр энэ товойж гарч ирсэн сайхан залуусыг дарамтлаад, авгай хүүхдээр чинь оролдоно гээд байхаар чинь хэн тийш нь оруулж байдаг юм. Аягүй бол маргааш миний хүүхдийг ч дарамтлах юм билүү.

-Дарханы АН шинэчлэгдэж чадах болов уу? Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг та гэгээлгээр харж чадаж байна уу? Та амьдарлынхаа ихэнх цагийг ардчилалын төлөөх тэмцэлд зориулсан. Та цаашдаа яах вэ?

Би шинэчлэх хөдөлгөөнийг зөв юм байна гээд энэ тэмцэлд хожуу ч гэсэн нэгдлээ. Эцсийн үр дүнг гартал тэмцэнэ. Энэ тэмцлийн үр дүнг нь үзэхгүй л юм бол тэмцэх гэсний хэрэг байхгүй. Тийм биз. Нэгэнт ингээд тэмцээд эхэлчихсэн юм чинь энэний үр дүнг хараад энэ асуудлыг шийдээд тэгээд намаа эрүүл, тунгалаг үйл ажиллагаатай сайхан болгочих юм бол бид 2016 онд ялалт байгуулах бүрэн боломжтой байна. Дарханчуудад ийм боломж байна. Дарханчууд АН-д яагаад саналаа өгөхгүй байна гэвэл энэ Дашуудыг харчихаад санал өгөхгүй байна. Бид нар чинь энэ Дашуудтай л адилхан Дарханд чинь өссөн юм шүүдээ. Бид бие биенээ дэндүү сайн мэднэ. Тийм учраас яаж бас ийм хүмүүсээр аймгийн засаг захиргааг удирдуулахавдээ гэсэн бодлоосоо болоод л энэ ард түмэн чинь АН-д санал өгөхгүй байгаа байхгүй юу. Намын дарга гэдэг хүн чинь намын рейтэнгийн бараг тавин хувийг авч явдаг байхгүй юу. Үлдсэн тал нь гишүүдийн идэвхи дээр тогтдог. Гэтэл гишүүд нь ч намдаа итгэх юм байхгүй. Ингээд ялалт байгуулж чадахгүй байна шдээ. Ойлгож байна уу. Намын дарга нь рейтинг муутай учраас саналаа алдаад байна. Гишүүд болохоор даргаа дэмжихгүй учраас саналаа өгөхгүй. Ингээд намын гишүүн ч гэлээ өөр намын хүмүүсийг эсвэл бие даагчийг ч юм уу дэмжих ийм нөхцөл байдал үүссэн байна. Энэ бол үнэндээ эмгэнэл. Бид энэ тэмцэлд нэгдэж, зөв зүйл, үнэний төлөө тэмцэл хийж байгаа учраас үр дүнд хүрч, нам шинэчлэгдэж ирээдүйн сонгуулиудад Дарханы АН ялна гэдэгт итгэж байна. Манай нам гишүүддээ нээлттэй, шүүмжлэлтэй, дотоод ардчилалтай, дүрэм журмаа сахиж чаддаг ийм нам болох юм бол Дарханы маань ард иргэдэд л хэрэгтэй юм шүүдээ. Харин энэ намд энэ сайхан болосвролтой залуу сэхээтнүүд хүчтэй орж ирж ингэж өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой эхлүүлж байгаа нь ахмадууд бидэнд гэрэл гэгээ болж, ирээдүйдээ итгэх итгэлийг дахин авчирч өглөө. Одоо ахмадууд зоригтой босож ирсэн залуучуудаа дэмжээд явахад, ардчилалын анхдагчууд энэ залуустайгаа нийлээд явахад бол ер нь болно доо. Саяхан анхдагчуудын хурал цуглаан болсон. Тэн дээр бол ерөөсөө бид нар энэ намыг энэ залуустайгаа цуг хүч болж шинэчилъя, өөрчилъе гэдгээ яриад тохирчихсон байгаа. Тийм ч учраас өнөөдөр энэ шинэчлэх хөдөлгөөнийг дэмжиж манай Пүүжээ, Жагаа, Оюунаа, Нуураа гээд олон партизанууд Дарханаас ирж суулт хийхээр боллоо.

-Ардчилсан хувьсгалын ахмад үеийнхэн залуу үетэйгээ мөр зэрэгцэн цуг алхаж, алдагдсан ардчилалаа эргүүлж Дархандаа авчирах гэсэн та бүхний зорилго биелэх болтугай. Таны гэр бүл, үр хүүхдийн ирээдүйн сайн сайхан бүхний үүд хаалгыг энэ тэмцэл нээж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.

-Баярлалаа







Б.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж