Малайзад амиа алдсан эмэгтэйн хэргийн бодит үнэн

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Малайзад амиа алдсан эмэгтэйн хэргийн бодит үнэн

Монгол
Улсын иргэн  Ш.Алтантуяа Малайзад бусдын гарт амиа алдаад найман жил
өнгөрч байна. Энэ хугацаанд  Монгол Улсын Засгийн газар  анхаарал
хандуулж, гэм буруутанд хариуцлага тооцуулахаар ажлын хэсэг хүртэл
байгуулсан ч үр дүнд хүрээгүй.  Нэг ёсондоо  Монголын төр Малайзын хууль
хяналтынхны өмнө хүчин мөхөсдсөн. Гэтэл найман жилийн өмнөх гашуун
сургамжаас  төр засаг, иргэдийн хэн нь ч сургамж авсангүй. Хэдхэн
хоногийн өмнө дахин нэг иргэн Малайзад амиа алдлаа.

Хүний
наймаанд өртсөн байж болзошгүй  гэж таамаглаж байсан эмэгтэй өнгөрөгч
аравдугаар сараас хойш ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж, тусламж гуйж
байгаад амиа алдсан  гэх мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газрынхныг "Иргэнийхээ
төлөө ажилласангүй"  гэж зүхэхэд хүрч, шүүмжлэлийн бай болоод байна. Хэвлэл
мэдээллийн хэрэгслээр талийгаачийн ар гэрийнхнээс авсан  яриа, мэдээлэл
цацагдаж байгаагаас  олон нийтэд  хэн нэгнийг буруутгах хандлага  
давамгайлах болов.  Тиймээс хэргийн нөхцөл байдал ямар байсан, 
Эрүүгийн цагдаагийн газар үнэхээр  гараа хумхиад суусан уу гэх асуултад
үнэн бодитой хариулт олохыг зорьсон юм. Бидэнд олдсон баттай эх
сурвалжийн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

БЗД-ийн цагдаагийн хэлтэс талийгаачийг
Солонгос явсан гээд хэргийг хаажээ

Одоогоос
хоёр жилийн өмнө буюу 2011 онд Э-гийн ар гэрийнхэн БЗД-ийн цагдаагийн
хэлтэст “Охиноо сураггүй боллоо” гэж  анх ханджээ. Дүүргийн цагдаагийн
хэлтэст Э-г эрэн сурвалжилж байгаад “Солонгос явсан байна” гэж хэргийг
хаасан байна. Өөрөөр хэлбэл,  БЗД-ийн цагдаагийн хэлтэс  дараагийн шатны
буюу хүний наймааны хэргийг илрүүлэн шалгадаг Эрүүгийн цагдаагийн
газарт асуудлыг танилцуулалгүй, хэргийг хаажээ. Хохирогчийн ар 
гэрийнхэн 2013 оны аравдугаар сарын 15-нд  Эрүүгийн цагдаагийн газарт
хандаж, “Т гэдэг залуу  /талийгаачийн найз залуу/  манай охины бичиг
баримтыг авах гэж ирлээ. Манай охин хүний наймаанд өртсөн  юм  шиг
байна” гэх мэдээллээ хуваалцжээ.

Ингээд Иргэний ирүүлсэн албан
ёсны мэдээллийн мөрөөр ЭЦГ ажиллаж, иргэн Т гэх залууг олж шалгахад, 
талийгаач Э-тэй хамт  Монгол Улсын хилээр гарсан гэдэг нь нотлогдоогүй,
Малайз улс руу  нэг ч удаа явж үзээгүй болох нь  тогтоогдсон байна. Энэ
үеэр хүний наймаанд өртсөн  байж магадгүй гэдэг ээжийнхээ өгсөн
мэдээллийг хохирогч үгүйсгэж,  дахин  шинэ паспорт авах хэрэгтэй
байгаагаа  иргэн  Т-тэй утсаар холбогдох үеэрээ ярьжээ. Тодруулбал,
иргэн  Т –тэй утсаар холбогдохдоо талийгаач өөрийгөө “Хүний наймааны
золиос болоогүй, Ээж юугаа яриад яваад
байгаа юм” гэх зэргээр ярьсан байдаг аж.  Ингээд иргэн н.Шархүүгийн
өгсөн мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтаар илэрсэн зүйлийг танилцуулаад,
“Охин чинь  холбогдвол  дахин хандаарай”  гээд явуулсан байна.

“Хоёр ихэр охин  намайг зарах гээд байна” гэдэг худал  байжээ

Ийм
мессежийг талийгаач дахин ар гэрийнхэндээ явуулснаар  2013 оны
арваннэгдүгээр сарын 7-ны өдөр иргэн Шархүү /талийгаачийн ээж/  ЭЦГ–т
дахин иржээ. Тиймээс ЭЦГ-аас  арга хэмжээ авч, иргэнээ авчрахад 
Малайзын цагдаагийн  байгууллага туслалцаа үзүүлэхийг хүсч, тус улсын 
Интерполын төв  товчоонд  иргэний мэдээллийг хүлээн авсан өдрөө буюу 11
дүгээр сарын 7-ны өдөр эхний албан  бичгийг  илгээсэн байна. Үүнээс өөр
гарц Монголын цагдаад байсангүй. Малайз улсад зөвхөн өөрийнх нь улсын
хууль хүчний байгууллага ажиллагаа явуулах эрхтэй. Гэхдээ Малайзын
цагдаа   Монголын иргэнийг олох нь бүү хэл,  гурван удаа илгээсэн албан
бичигт хариу ирүүлэлгүй байсаар хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар
сарын  4-ний өдөр   "Монгол Улсын иргэн Э нас  барсан" гэх утга бүхий
хариу ирүүлжээ.

Тус албан бичигт “Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн газраас  2013.11.07-ны өдөр ирүүлсэн албан бичгийн хариуд…
"Монгол Улсын иргэн Э боомилсноос үүдэн амиа алдсан байна” гэснээс өөр
зүйл дурдаагүй байсан  гэнэ. Нэг ёсондоо Малайзын цагдаа Монголын талаас
тавьсан  хүсэлтийн хүрээнд шуурхай арга хэмжээ авалгүй байсаар сарын
дараа нас барсан талаар мэдэгдсэн байгаа юм. Харин Бээжин дэх Элчин
сайдын яамаар дамжуулан Э-г нас барсан тухай 2013.11.23-ны өдөр
мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар талийгаач  Э-г худалдсан гэх ихэр
охины нэг нь Монголдоо ирээд байгаа аж. Тэрбээр талийгаач Э-тэй Малайзад
тодорхой хугацаанд хамт амьдарч байжээ.  Монголын охид эмэгтэйчүүд тус
улс руу нэг сарын визтэй  гарсныхаа дараа визний хугацаагаа  сунгуулахын
тулд сургалтын  төвд бүртгүүлдэг юм байна. Талийгаач Э-гийн хувьд
2012.02.09-нд Малайз улсад очсон бөгөөд  дээрх байдлаар сургалтын төвийн
нэрээр  визийн  хугацаагаа сунгуулахаар хөөцөлдөж байжээ. Монгол
эмэгтэйчүүдийн олонх нь сурах зорилгоор  Малайзад  гарлаа гэдэг ч үнэн
хэрэгтээ биеэ үнэлдэг болохыг эх сурвалж баталж байгаа юм. Биеэ үнэлэх
нь гэмт хэрэг биш, захиргааны зөрчилд тооцогддог учраас хориглох,
хязгаарлах боломжгүй.  Нөгөө талаас Монголын цагдаа иргэнээ аврахын тулд
тус улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулах эрхгүй, дипломат
төлөөлөгчийн газаргүй, эрхзүйн ямар ч харилцан туслалцах гэрээ байхгүй
зэрэг бодит шалтгаанууд нөлөөлжээ.  Түүнчлэн анх  дүүргийн цагдаагийн
хэлтэст хандсанаас  хойш бүхэл бүтэн хоёр жил өнгөрөхөд ЭЦГ-т хандаагүй
нь  ноцтой асуудал. Энэ хугацаанд иргэн Э-г Өмнөд Солонгос явсан  гэж
хэргийг хаасан БЗД-ийн цагдаагийн хэлтсээс  хариуцлага нэхмээр байна.

Талийгаач хар тамхи хэрэглэдэг байжээ

Малайз
улсад талийгаачтай тодорхой хугацаанд хамт амьдарсан гэх  охины
мэдүүлснээр Э хар тамхи их хэмжээгээр хэрэглэж, мансуурдаг  байсан аж.
Хамгийн сүүлд буюу одоогоос  хоёр сарын өмнө уулзахад мөн л мансуурсан
байдалтай  байжээ. Түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис
хэтрүүлэн хэрэглэдэг байсныг нотлох баримтууд ч олдсон байна.  Тэрээр 
Монгол Улсад амьдарч байхдаа хоёр ч  удаа биеэ үнэлсэн асуудлаар
захиргааны арга хэмжээ авахуулсан мэдээлэл ч бидэнд олдсон юм. Гэхдээ
талийгаач хэн байсан эсэхээс үл хамааран хүний амь нас үрэгдсэн  гэдэг нь мэдээж ноцтой асуудал.

Монгол
Улсын иргэн гадаадын улс оронд амиа алдахгүй гэх баталгаа өнөөдөр хомс
байгаа нь үнэн. Адаглаад  Дипломат төлөөлөгчийн газаргүй, эрхзүйн
харилцан туслалцах гэрээгүй улсад  аюулд орсон иргэнээ аврах боломж огт 
байхгүй болохыг  энэхүү хэргийн жишээ нотоллоо. Иргэн бүр гадаад улсад
зорчихдоо сонор сэрэмжтэй байхаас эхлээд төр засгийн  түвшинд олон
улстай харилцах харилцаагаа өргөжүүлэх, иргэнээ аврах боломжоор хангах 
чиглэлээр дорвитой ажил хийхгүй бол Монголын цөөхөн иргэний амь харийн
улсад үнэгүйдэж,  амь насаа алдсаар л  байх болно.

О.СЭРГЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж