Гишүүд давхар дээлээ тайлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Гишүүд давхар дээлээ тайлж чадах уу?

УИХ энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Энэ төсөл нь Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний үүргийг давхар хашихгүй гэсэн гол заалттай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болсон бол давхар Засгийн газрын сайдын албыг хашихгүй байх ёстой болно гэсэн үг. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын гишүүдээс өдгөө 15 нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж буй. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 16 яамтай болж, түүнийг удирдаж буй сайд нараас нэгийг нь эс тооцвол бусад нь “давхар дээлтэй” яваа гэсэн үг.

Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл УИХ-ын давхар дээлтэй гишүүдэд “халтай” хуулийн төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих тогтолцооны шинэчлэлийн ажлыг эхлүүлээд буй. Тэрээр энэ шинэчлэлийнхээ хүрээнд ч, Засгийн газарт хяналт тавих ёстой УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх, УИХ нь хяналтын чиг үүргээ алдахад хүрээд байгаа зэрэг нөхцөл байдал үүссэн учраас ч ийн хуулийн төсөл өргөн барьсан биз ээ. Энэхүү хуулийн төслүүдийг Ерөнхийлөгчийн зүгээс 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар өдийг хүрээд байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр санал оруулжээ.

Долоо хоног бүр чуулган, байнгын хороодоор хэлэлцэх төслүүдийг намын бүлгүүд авч хэлэлцдэг. Тэгвэл өчигдөр хуралдсан “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс гишүүдийн давхар дээлийг тайлах төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа бөгөөд хууль хэрэгжих хугацааг наашлуулах эсвэл хуульд тусгаснаар дэмжих эсэх дээр эвслийн бүлэг дахин ярилцахаар болсон байна. 

Энэ талаар "Шударга ёс" бүлгийн ахлагч Н.Батцэрэг:

-"Бид төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа тул энэ долоо хоногт байнгын хороодын хуралдаанууд дээр дэмжинэ. Хуулийг хэрэгжиж эхлэх хугацааны хувьд ярилцах зүйл бий гэдгийг манай зарим гишүүд ч хэлж байгаа. Энэ төслийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүй, одоогийн байгаа зохицуулалтын хүрээнд хийж болохоор байгаа" гэсэн тайлбарыг өгсөн юм.

МАН-ын бүлэг ч мөн энэ хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд "Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй ч хэрэгжих хугацааг ойртуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" шилжих тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд хууль батлагдсан өдрөөс эхлэн хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн саналтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганаар Засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан өдрөөс эхлэн хууль хэрэгжих ёстой гэж үзэж байгаа юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-“Том төрөөс ухаалаг төр рүү" шилжихийн тулд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг хэлэлцэх ёстой. Харин энэ хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж явах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэсэн тайлбар өгч байна.

Харин Ардчилсан намын зүгээс энэ хуулийн төслийг хэлэлцэх үед олонхиороо аваад үлдэх магадлалтай гэж хардах үндэслэл бий.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-“Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр хуулийн хэрэгжилт 2016 оноос хэрэгжихээр байгааг нь дэмжиж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ялгаж салгах энэхүү төслийг цогцоор нь Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлттэйгөөр хэлэлцэх нь зүйтэй гэж байгаа. Иймдээ ч хууль хэрэгжиж эхлэх хугацаанд эдгээр хуулиудын уялдаа холбоо, өөрчлөлтийн асуудлыг шийдэх боломжтой” гэсэн байна.

УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулийн төслийг намын бүлгүүд дэмжиж байгаа ч хууль хэрэгжих хугацааг урагшлуулах уу, эсвэл 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх үү гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох юм. Энэ удаагийн парламент давхар дээлээ тайлж чадахгүй бол дараагийн парламентад Засгийн газрын гишүүн болох санаатай хүн УИХ-д орж ирэх эрхгүй болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж