
Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн хуулийн туслах Ж.Баярцэцэг танилцуулахдаа “Freedom house”-ын индексчилсэн судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийг 39 оноогоор хагас чөлөөтэй гэж тодорхойлдог. 2007 онд ЮНЕСКО-гийн хийсэн үнэлгээгээр ч Монголын хэвлэл, мэдээлэл улстөр, эдийн засгийн хараат аястай, ил тод байдал нь өмчлөлөөсөө болоод сул хэмээсэн байдаг. Иймээс Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ эрхийг баталгаажуулах үүднээс НҮБ-ын тунхаг, бусад олон улсын санал зөвлөмжийг тусган 4 бүлэг, 21 зүйлтэйгээр хуулийн төслийг боловсруулсан. Хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө төрийн зүгээс аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхгүй байх, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох, нөлөөлөх, санхүүжүүлэх оролдлого хийхгүй байх, редакци эздээсээ хараат бус ажиллах, мэдээллийн эх сурвалжийн нууцыг хадгалах, өмчлөлийг тодруулах, хэвлэл мэдээллийнхэн өөрийн зохицуулалттай болох, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг төсөлд тусгасан. Эдгээртэй холбогдуулан та бүхний саналыг сонсохыг хүсч байна” хэмээн хэлэв.
Хэлэлцүүлэг дээр сэтгүүлч, судлаач, хуульч олон хүн саналаа хэллээ. Тэд бараг бүгд эл хуулийн төслийг цагаа олсон хэмээн талархан дэмжсэн боловч УИХ-д өргөн баригдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулж буй Үндэсний мэдээллийн агентлагийн тухай, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төслүүдтэй нэр томъёог жигдрүүлэх, зүйл заалтын давхардлыг анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн зарим зүйл заалтын найруулга, агуулгыг засварлах, сэтгүүлчийн ёс зүй, хүлээх хариуцлага, өөрийн зохицуулалтын бүтэц, хэлбэр, ажиллах журам зэрэгтэй холбоотой хэсгийг нэмэх, нарийвчлан тодруулж өгөх шаардлагатайг дурьдав. Хамгийн анхаарал татсан саналыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэв. Тэрээр “Энэ хуулийн төсөлд орхигдсон нэг зүйл бол ард түмний бослого гаргах эрхийг баталгаажуулах асуудал. Гэхдээ үүнийг олон талаас нь бодож тусгах хэрэгтэй. АНУ болон Европын зарим оронд хэвлэлийн эрх чөлөөг хориглосон, эсвэл түүн рүү халдсан хууль гаргавал ард түмэн бослого гаргах эрхтэйг хуульчлан заасан байдаг” хэмээн хэлсэн юм.
Ерөнхийлөгчийн хуулийн туслах Ж.Баярцэцэг хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “Та бүхний саналыг тусгах болно. Энэ хуулийн төслийг хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах үзэл санаагаар хийсэн юм. Эдгээр олон хуулийн төслийг багц маягаар оруулж батлуулахыг эрмэлзэж байгаа” хэмээн хэллээ.