Дугаарын хязгаарлалтыг цуцлах тухай судалгаанд оролцогчдын эсрэг санал өгсөн 70 хувьд баярлахаас аргагүй нь. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл зам огт түгжрэлгүй үед ердөө нэг цаг яваад хүрчихдэг бол зам түгжирсэн үедэнэ хугацаанд 2-3 км зам туулах боллоо.Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихаас урьтан хүүхдийн блэг сэлт бэлдчих санаатай амралтын өдөр гэрээс гарсан ч бөөний төв орох нь бүү хэл ганц буудал ч хороож чадалгүй хоёр цаг таг түгжирлээ. Хүн бүр л над шиг сэтгэн дэлгүүр хоршоо, зах, бөөний төвийг зорьсон нь мэдээж. Түүний дээр амралтын өдрүүдэд үйлчилдэггүй дугаарын хязгаарлалтаас болж, түгжрээ ийн нэмэгдсэн хэрэг. Үнэндээ дугаарын хязгаарлалтыг цуцлах хэрэгтэй гээд хоолой мэдэн орилоод, хүний эрх яриад байсан хүмүүсийг огт ойлгохгүй юм. Нэг хүний эрх нөгөөгийн эрхээр хязгаарлагддаг гэдэгчлэн хэн нь ч зорьсноо биелүүлж чадахгүй таг гацаж, бензин шатахуунаар “шатаж” байхын оронд амралтын нэг өдөр гэртээ амарч /шаардлагатай бол нийтийн унаагаар зорчиж/, нөгөө өдөр нь түгжрэлгүй замаар сүнгэнэтэл давхиад ажлаа амжуулдаг болбол ямар вэ. Өөрөөр хэлбэл амралтын хоёр өдөр хязгаарлалт үйлчлэхгүй биш, харин ч эсрэгээр нь тэгш сондгойгоор нь зорчуулбал хэн хэнийхээ цагийг хэмнэхийн дээр эдийн засгийн хувьд ч эерэг үзүүлэлт гарах биш үү.
Шинэ жил дөхөх тусам хотын хөл хөдөлгөөн хумигдах бус нэмэгдэх нь мэдээж. Ийм тохиолдолд хичээлийн шинэ жилийн өмнөх дугаарын хязгаарлалтыг давтахад илүүдэхгүй санагдана. Оросуудаас монголчууд бидний өвлөсөн нэг сүрхий зүйл бол шинэ жилийн баяр. Ирж буй оныг хөл, хөөртэй, элбэг дэлбэг угтаж гэмээнэ ирэх ондоо тэр хэмээр жаргана гэж итгэдэг ёсон ч бий. Шинэ жил дөхөхөөр л амттан бүхэн дэлгэрдэг байлаа даа, социализмын үед. Алим, жүржийн барааг жилдээ нэг харах гэж, амархан урагддаг цаасан ууттай бэлгийг өвгөн ааваас авах гэж хүүхдүүд шинэ жилийг хүлээдэг сэн. Ёолкны чимэглэл ч нүдний гэм. Урт утсанд хөвөн имрээд өрөөгөө гоёхын дээр цасан охид нь цаасан малгайгаа хагарч хэмхэрсэн ёолкны чимэглэлийг жижиглээд цавуугаар наан тогтоодог байсан гэвэл итгэхээсээ итгэхгүй нь олон байх. Тухайн үед Олон баяр тэмдэглэдэггүй байснаас ч тэр үү шинэ жилийн баяр хамгийн сайхан, хамгийн хангалуун баяр байсан сан. Өнөөгийн томчуудын хүүхэд нас тийм л дэврүүн өнгөрсөн болохоор өдгөөд ч тэр л өнгөөр тэмдэглэх гэж хичээнэ. Үүнд буруу юун билээ. Хүн бүр, айл гэр бүхэн аз жаргалтай байж гэмээнэ улс орон бүхэлдээ тэр л жаргалд умбаж үзэгдэх билээ. Гэвч баярлахаасаа наана баахан цухалдах нэг шалтгаан болсон замын түгжрэлийг сааруулахад хотын дарга өмнөх шигээ шийдвэртэй алхам хийх биз ээ. Шинэ жил хүртэлх цөөн хоногт автомашиныг дугаарынх нь тэгш сондгойгоор зорчуулбал машиныхаа “час” өдөр нь нийтийн тээврээр үйлчлүүлж, боломжит хоногуудад нь уурлаж бухимдалгүйхэн ажлаа амжуулах бус уу.