
Зохион байгуулалттайгаар НӨАТ-ын хуурамч бичилт хийн, улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар Татварын ерөнхий газрынхан дуулгалаа. Нийтдээ 40 компани энэ хэрэгт холбогдсоныг тус газрынхан баримтаар тогтоосон бөгөөд тэдний дийлэнх нь барилгынхан гэх мэдээлэл байна.
Хуурамчаар НӨАТ-ын падаан ашиглаж, их хэмжээний ашиг олсон байж болох нөхдүүдийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлж, асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ. Тодруулбал, гурван хүний нэр дээр 32 компани байгуулж, НӨАТ-ын хуурамч бичилт хийн, улсаас их хэмжээний мөнгө авсан хүмүүсийг хууль хяналтынхнаар шалгуулахаар болсон гэх.
Жирийн нэгэн хүн бусдын иргэний үнэмлэхийг ашиглан компани байгуулах боломжгүй. Тэр тусмаа бусдын нэр дээр байгуулсан хуурамч компанийн нэр дээр НӨАТ-ын хуурамч бичилт хийж, их хэмжээний мөнгийг улсаас авна гэдэг хэр баргийн зоригтой хүний хийж чадах ажил биш. Тиймээс хуурамч падаан ашиглан, их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт татварын байцаагчид өөрсдөө оролцсон уу гэх хардлагыг төрүүлэхээр байгаа юм.
Улсын төсвөөс жил бүр НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгоход мөнгөний хэмжээ нэмэгдсээр иржээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд татварын буцаан олголтын мөнгө эрс нэмэгдсэнийг эдийн засагчид онцолж байгаа. Энэ онд гэхэд нийтдээ 59 тэрбумыг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 20 мянга орчим НӨАТ-ын падаан бичих эрхтэй компани байдаг аж. Үүнээс ТЕГ-аас шалгалт явуулж, одоогоор 90 аж ахуйн нэгжийн тайлан ирүүлэх эрхийг хассан гэх. Гэтэл тэдгээр нь дахиад ийм төрлийн зөрчил гаргасан байж болзошгүй байгаа гэх. Хамар дороос тэрбум, тэрбумаар нь хулгайлж байхад татварын байцаагчид юу хийж байсан нь хуулийнхны анхаарлыг татах асуудал биш гэж үү. Тэр тусмаа тэдний зөвшөөрөлгүйгээр ямар ч том компани НӨАТ-ын илүү төлөлтөө буцаан авч чадахгүй. Энд л хамаг “но” байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журамд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ хуулийн 15.1.1-д заасны дагуу харьяа татварын албанд гаргана” гэсэн заалт бий.
Түүнчлэн “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн татварын илүү төлөлтийг түүний хүсэлтийн дагуу харилцагч татварын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан шалгалтыг хийж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдэн, Татварын ерөнхий газарт хүргүүлнэ” гэсэн байх юм. Эдгээр заалтаас харахад дурын нөхөр цүнхээ барьж очоод НӨАТ-ын илүү төлөлтөө буцаагаад авах боломжгүй аж. Татварын байцаагчид журмын дагуу шалгаж үзсэнийхээ дараа илүү төлөлтийг нь буцаах эсэхийг шийддэг бололтой. Тэгэхээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэх НӨАТ-ын хуурамч бичилт хийн мөнгө завшсан нөхдүүдэд хэн нэгэн байцаагч тусалсан болох нь тодорхой байна.
Тиймээс энэ хэргийг сайтар шалгавал НӨАТ-тай холбоотой багагүй дуулиан дэгдээсэн томоохон асуудлууд сөхөгдөж болзошгүй юм. Учир нь, дээрх компаниудад НӨАТ-ын илүү төлөлтийг өгөхийг зөвшөөрсөн татварын байцаагчдыг давхар шалгахад гэмгүй болов уу. Хяналт тавьдаг субьект байсаар байхад хэн нэгэн ийм аргаар мөнгө завшина гэдэг процессийн алдаа гэхээсээ илүү татварын байцаагчдын санаатайгаар оролцсон үйлдэл байхыг хэн мэдлээ.
Ж.НЯМСҮРЭН