Дөрвөн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Дөрвөн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. Хуралдаанд Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Хятадын талаас ГХЯ-ны Хилийн боомт, далайн хэрэг эрхэлсэн төлөөлөгч Сяо Зяньгуо тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хуралдаанаар Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний хэрэгжилтийн асуудлаар санал, мэдээлэл солилцож, хилийн тэмдэг болон ойн огтолсон зурваст хамтарсан үзлэг хийх, хамтран сэргээх, хил орчмын нутагт хууль сахиулах хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрэв. Мөн Монгол, Хятадын улсын хилийн боомтуудыг харилцан уялдаатай, ижил түвшинд хөгжүүлэх асуудал, байнгын бус ажиллагаатай зарим боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, түүнчлэн хоёр талын зэрэглэлтэй дөрвөн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны төгсгөлд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын дүрэм болон хуралдааны дүнгийн тухай протоколд Т.Төгсбилгүүн, Сяо Зяньгуо нар гарын үсэг зурав. Монгол, Хятадын хилийн хамтарсан комисс нь хоёр улсын хилийн дэглэмийн асуудлыг цогцоор нь хэлэлцэж шийдвэрлэх механизм болох бөгөөд цаашид дээр дурдсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах юм. Хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг 2014 онд Улаанбаатар хотноо хийхээр тохиролцов.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж