Монгол улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яам, Энэтхэг улсад суралцагч Монгол оюутны холбоо болон Энэтхэгийн Бангалор, Колката, Мумбай хотод суугаа Монгол улсын өргөмжит консулын газар хамтран жил бүр зохион байгуулдаг "ЭСЯ-ны цом-2013" спортын тэмцээн сагсан бөмбөг, шатар, агаарын теннис, ширээний теннис, биллиард гэсэн төрлүүдээр энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бангалоре хотын "Garden City College" болон "XLR" спорт цогцолборт амжилттай болж өндөрлөв. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд ЭСЯ-ны консулын ажилтан О.Эрдэнэболд болон Бангалор хот дахь өргөмжит консул Васудеван оролцож, баг тамирчдад амжилт хүсэв. Тэмцээний үйл ажиллагааг Бангалоре хотоос шууд дамжуулж, интернетээр олны хүртээл болгожээ.
Уг арга хэмжээнд Дели, Бангалор, Пуне хотуудад их дээд сургууль, хэлний курс, мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа нийт 100 гаруй оюутан залуус болон Монгол иргэд өргөнөөр оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорив.
"ЭСЯ-ны цом-2013"-ын сагсан бөмбөгийн тэмцээнд Бангалор хотын эмэгтэй баг, Б.Санчир ахлагчтай Дели хотын эрэгтэй багууд тус тус тэргүүлсэн байна.
Энэтхэг дэх монголчуудын 2014 оны ээлжит тэмцээнийг Дели хотод зохион байгуулахаар болжээ.