“Үзэгтэй тамирчид”-ын шинэ жил

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

“Үзэгтэй тамирчид”-ын шинэ жил

2013 онд “үзэгтэй тамирчид” их ажлын ард гарсан. Спортын холбоодтой хамтран олон төрлийн үйл ажиллагаа явуулж, тайлан, сонгуулийн хурлаа хийн, хамт олныхоо мэргэжилд дэм болох үүднээс хэд хэдэн сургалтыг зохион байгуулсан билээ. MSPU-гийн гишүүд энэ жил Бразилийн Рио-де-Жанейро, Унгарын Будапешт хотноо зохиогдсон жүдо, чөлөөт бөхийн ДАШТ, ОХУ-ын Казань хотноо болсон оюутны "Универсиад" наадам зэрэг томоохон үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлан, ард түмэндээ хүргэсэн юм.

Энэ мэтчилэн “спортын дуучид” 2013 онд амжилтын ургац арвин хураажээ. Иймдээ ч улирах оноо сэтгэл хангалуун үдэж, угтах оноо баяр хөөртэй урин дуудсан спортын сэтгүүлчдийн баярын цэнгүүнд 90 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл спортын хэмээх тодотголтой сурвалжлагчтай болсон.

Сүүлийн хэдэн жилийн дотор МССХ-ны гишүүдийн хүрээ өргөжсөн билээ. MSPU оны шилдэг спортын сэтгүүлчийг шалгаруулдаг уламжлал өнгөрсөн жилээс тогтсон. Энэ удаа телевиз, радио, сонин, сайтын спортын “дуучид”-ын дундаас оны манлай сурвалжлагчийг тодруулсан бөгөөд МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батжаргал 2013 оны шилдгээр шалгарч, “Инчён-2014” Азийн зуны спортын наадмыг сурвалжлах эрх, байр болон замын зардлаар шагнуулсан юм. Түүнчлэн Монголын олс таталтын холбооноос ETV-ийн сурвалжлагч С.Шижирбатыг Ирландад болох тэмцээнийг сурвалжлах эрх олгосон бол Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо спортын сэтгүүлчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж, нэг сэтгүүлч болон спортын найруулагчийг гадаадын тэмцээн сурвалжлах эрхээр хангахаа мэдэгдэв.

Тэгвэл МҮОХ-ноос “Сочи-2014” өвлийн олимпийг сурвалжлах сэтгүүлчээр “ТЦ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Манлай, гэрэл зурагчнаар Спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат нарыг сонгосноо зарлалаа. Тэд олимпийг газар дээрээс нь сурвалжилж байсан хур туршлагатай бөгөөд Р.Манлай “Афин-2004”, Ч.Ганбат “Лондон- 2012”-ын халуун цэгт ажиллаж, мэдээ сурвалжлага, гэрэл зургаа бэлтгэн хүргэж явсан билээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

Эх сурвалж: "ТАВАН ЦАГАРИГ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж