Чилийн Төрийн тэргүүн асан Мишель Бачелет орон нутгийн цагаар өчигдөр /XII.15/ дүнгээ гаргасан ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулжээ. Чилийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад сонгогчдын 90 орчим хувь нь оролцсоноос нэр дэвшигч Мишель Бачелет 62 хувийн санал авсан байна. Зүүн төвийг баримтлагч Мишель Бачелет сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа хийсэн мэдэгдэлдээ “Би сонгуульд ялалт байгуулсандаа баяртай байна. Би чили хүн бүрийн Ерөнхийлөгч байх болно” хэмээн мэдэгджээ. Харин түүний өрсөлдөгч баруун жигүүрийн нэр дэвшигч Эвелин Маттей сонгогчдын 38 хувийн саналыг авснаар ялагдал хүлээжээ. Энэ удаагийн сонгуульд хоёр эмэгтэй нэр дэвшсэн сонин тохиолдол болсон юм.
Өдгөө 62 настай Мишель Бачелет нь анх 2006 онд Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсын хамгийн анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байжээ. Түүнчлэн тэрээр 1973 болон 1990 онуудад Чилийн төрийн эрхийг барьсан генерал Августо Пиночетоос хойш анх удаа Ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хаших улстөрч болсон байна.
Латин Америкийн чинээлэг орнуудын нэг Чилид сүүлийн хэдэн жилд боловсролын шинэчлэлт зэрэг зарим нийгмийн асуудлаас шалтгаалан ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал, бослого газар авах болсон юм.
Б.АНХТУЯА