-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсан охины хэрэгт та стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болсон. Хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Олон нийтэд ил болсон нь энэ хэрэг шүү дээ. Хэрэг болсноос хойш хорь гаруй хоногийн дараа талийгаачийн найз охидууд нь хэвлэл мэдээлэлд хандсанаар олон нийтийн анхааралд хүрсэн. Маш олон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байгаад амиа хорлосон, өөр нөлөөтэй зэрэг шалтгаанаар хэргийг замхруулж, хаасан тохиолдлууд бий. Амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байсан ч хариуцлага хүлээлгэдэггүй. Эсвэл амь насанд нь хүрчихээд амиа хорлосон болгочихдог. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг судлах, тогтоох, хууль эрх зүйн, эдийн засгийн, нийгэм соёлын бүх суурийг нь тавьж өгөх ёстой. Би хуульч хүний хувьд, эх хүний хувиар энэ хэрэгт хандаж байгаа. Энэ аймшигтай мэдээ намайг маш их эмзэглүүллээ. Миний хувьд өмнө нь дөрвөн удаа дөрвөн өөр хэрэгт стратегийн өмгөөлөл хийгээд амжилтанд хүрсэн. Тийм учраас энэ хэрэг дээр ажиллахаар шийдсэн юм. Гэр бүлийн хүчирхийллийг энэ хэргээр төлөөлүүлж яаж зогсоох вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Түүнээс биш сенсааци хөөх, нэр хүнд олох зорилго агуулаагүй. Бүсгүйг 48 цаг зодож байхад хөршүүд яагаад тусламж үзүүлсэнгүй вэ, өнгөрсөн зун хоёр эмэгтэй нэгийгээ 70 гаруй удаа хутгалж хөнөөсөн хэрэг орцонд гарлаа. Хүмүүс хэтэрхий хувиа хичээсэн үзэл гаргадаг болж. Нөгөө талаас хаалганы цаана харгислал явагдаж байхад төрийн цагдаа ажлаа хийж, төр төмөр нүүрээ харуулах ёстой. Энэ хэрэг дээр дөрөөлж, олон охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь бидний зорилго. Стратегийн өмгөөлөл зүгээр нэг шүүх хуралд оролцохыг хэлдэггүй. Энэ бол маш том нөлөөллийн ажил.
-Олон нийтийн сүлжээгээр талийгаачийг зодож дарамталдаг байсан Г.Алтанхүү гэдэг залуугийн зураг, мэдээллүүд цацагдлаа. Гэхдээ шүүх түүний гэм бурууг нотлоогүй байгаа. Хэрэг дээр өмгөөлөл үзүүлэх гэж байгаа хүний хувьд Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутгах үндэслэл байгаа байх?
-Хуульчийн байр сууринаас биш, хувь хүнийхээ үүднээс байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Яагаад гэхээр нөгөө талаас хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс над руу утасдаж “Та энэ хэрэг дээр хуульчийн байр сууриа илэрхийлж болохгүй, гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад мэдээлэл хийхгүй байх”-ыг сануулж, шахалт үзүүлж байгаа. Гэхдээ би шахалтад ороогүй. Хуульчдын баг ажиллуулна. Оюутнууд, залуу хуульчдыг ажиллаасай гэж бодож байна. Г.Алтанхүү гэдэг хүний талаар өнөөдөр тодорхой зүйл ярихгүй. Тэр хүний тухай мэдээлэл, фактууд аяндаа л олон нийтэд ил болж байна. Дараа долоо хоногт албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийнэ. Миний хүсч байгаа том зорилго бол Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Хууль 2005 онд батлагдсан ч тунхагийн шинжтэй, хэрэгжүүлэх боломжтой заалт ховор. Тиймээс чанга заалттай, хүчирхийлэл үйлдэгчдэд төр төмөр нүүрээ харуулж чаддаг тийм л хуультай болох хэрэгтэй. Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн, золиос болсон, амь насаа алдсан эмэгтэйчүүдийг буруутгах хандлага давамгайлж байна. Яагаад гэр бүлийнхэндээ хэлдэггүй юм, яагаад зугтаагаад явчихдаггүй юм, цагдаад яагаад хэлээгүй юм гэх зэргээр хохирогчоос буруу хайх гэдэг. Хохирогч нарыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэхээр хүчирхийлэгч гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстээ хэлвэл ална гэж заналхийлэн дарамтандаа байлгадаг нь бодит үнэн.
-Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Талийгаач чухам ямар нөхцөл байдалд байж байгаад амиа алдсан талаар тодорхой мэдээлэл хэрэгтэй байна?
-Хэвлэлийн бага хурал хийхээр бүр нарийн мэдээлэл өгнө. Өнөөдрийн хувьд талийгаач охин гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд амь насаа алдсан гэдгийг л хэлж чадах байна.
-Г.Алтанхүү гэгч залууг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэсэн?
-Хоригдож байгаа. Батлан даалтад гараагүй. Ар гэр нь бэл бэнчин сайтай юм шиг байна. Хуульч нарын баг ч ажиллуулж байгаа бололтой. Хохирогчийн нагац эгч нь “Нөгөө талын хүмүүс шар сонинд охиныг минь гүтгэсэн мэдээлэл гаргасан байна” гээд уйлж байна. Бид айхгүй байгаа. Хуулийн хүрээнд ажиллана, олон нийтийн дэмжлэг бас байна.
-Таны хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ямар нэг аргаар хэргээс мултрах нь олонтаа. Энэ хэргийн тухайд ч замхрах вий, хариуцлага хүлээхгүй өнгөрөх вий гэдэг болгоомжлол байна?
-Хүмүүс тийм болгоомжлолтой байна. Бид шударга шийдвэр гаргуулахын төлөө бүх боломжоороо тэмцэнэ. Хуулиар хязгаарлалтууд маш их байгаа. Гэхдээ Үндсэн хууль, олон улсын конвенцийн хүрээнд маш олон эрх бий.
-Жагсаал зохион байгуулах санаачлага гаргасан байна лээ?
-Маш олон хүн жагсмаар байна гэж надад хандсан. Ирэх долоо хоногт Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын төлөө зүрх сэтгэлтэй хэн бүхэн өөрсдийн сайн дураараа оролцоно гэж итгэж байна. Нийгмээрээ хүчирхийллийн эсрэг дуугарч, тэмцэж, үзэл бодлоо илэрхийлэх нь үр дүнд хүрэх нэг алхам. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, “Лантуун дохио” ТББ-д хамтарч ажиллах хүсэлт тавьсан.
-Энэ хэргийн тухайд Г.Алтанхүү гэгч сэтгэцийн ямар нэг эмгэгтэй байх гэдэг таамаглал байгаа. Ер нь хүчирхийлэл үйлдэгчтэй тэмцэх ямар арга хэлбэр байна вэ?
-Хүчирхийлэл үйлдэгч этгээд тэр үйлдлээ байнга давтдаг бол архичин хүн архинаас бүр мөсөн татгалзаж чаддаг юм байна. Тэгэхээр хүчирхийлэл үйлддэг зан төлвийг нь өөрчлөх албадлагын сургалтууд хийх хэрэгтэй. АНУ-д нэг үе гэр бүлийн хүчирхийлэл газар авсан байсан. Яаж тэмцсэн гэхээр Duluth model-ийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдэгддэг гэрт ямар ч шүүгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, баривчлах эрхийг цагдаад өгсөн байдаг. Ингэж гэр бүлийн хүчирхийллийг бууруулж чадсан юм билээ. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүчирхийлэлд өртсөн ч эргэж дарамтлуулах, айснаасаа болоод гомдлоо татах тохиолдол их. Үүний хор уршиг нь цагдаа нар сүүлдээ гэр бүлийн маргаан гэж хүлээж аваад тоохоо больчихдог. “Эхнэр нөхөр хоёр л хоорондоо зодолдож байна” гэдэг. Гэтэл тэнд хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Хамгийн сайн арга бол цагдаад маш их хүч, эрх мэдлийг өгөх.
-Талийгаачийн аав ээж охиноо хүчирхийлэлд байсныг мэдээгүйдээ өөрсдийгөө буруутгасан байна лээ. Ер нь талийгаач ар гэрийнхэндээ энэ талаар ярьж байсан юм болов уу?
-Ямар ч эцэг эх өөрсдийгөө л буруутгана. Тэдний буруу гэж юу байх вэ. Талийгаач өөрийг нь дарамталдаг байсан талаар гэрийнхэндээ хэлсэн байдаг. Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд ч мөрдөн байцаалтад нотлох баримт болно.
-ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан гэсэн. Эмч нар талийгаачийн биеийн байдал ямар байсныг нотлох байх?
-Нотолно.
-Талийгаач Г.Алтанхүүтэй хамтран амьдарч байсан гэсэн. Хууль ёсны гэр бүлийн баталгаа байгаагүй гэдэг нөлөөлөх үү?
-Гэрлэлтийн баталгаа байгаагүй. Найз залуу найз охин гэдгээр хамт амьдарч байсан. Гэхдээ хүний эрх ноцтой зөрчигдсөн, хүний амь нас хохирсон үед гэр бүлийн баталгаагүй байсан гэдгээр шалтаглаж, хариуцлагаас мултрах боломжгүй. Хүн төрөхдөө л өөр өөрийн эрхтэй төрдөг. Баталгааны асуудал хөндөгдвөл Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрхийн талаар ярина.
-Хүчирхийлэлээс зугтаж хоргодох байрны асуудлыг шийдсэн, иргэдэд энэ талын мэдээлэл байсан бол амь аврагдах боломж байсан ч юм билүү ?
-Улсын хэмжээнд гуравхан хоргодох байр бий. Гэхдээ үйл ажиллагаа нь тогтмол биш, санхүүжилт маш бага. Энэ хэрэгт стратегийн өмгөөлөл хийж байгаагийн нэг зорилго нь хоргодох байрыг нэмэгдүүлэх. Нэг даргын унаж байгаа машины үнэ багадаа л 200 саяд хүрч байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр нэг хоргодох байр бариад иргэдээ хамгаалж болохгүй гэж. Хоргодох байрыг нэмэгдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Үр дүнд хүрэх нь чухал байна. Стратегийн өмгөөллийн ач холбогдол зорилгын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-АНУ-д хар арьстан хүүхдүүдийг цагаан арьстан хүүхдүүдээс тусад нь хичээлд оруулж байсныг эсэргүүцэж, энэ сургалтын системийг халсан Дээд шүүхийн тогтоол гаргуулснаар стратегийн өмгөөөлөл эхлэлтэй гэж үздэг. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар өмгөөлөл үзүүлэх юм. Зүүн Европын орнууд стратегийн өмгөөллөөр амжилттай ажиллаж байгаа. Харватад гэхэд байгаль орчны чиглэлээр стратегийн өмгөөлөл амжилтанд хүрч байна. Аргентинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шүүхийн хаалгаар орох тусгай шат бариулсан бол Цыган эмэгтэйг цайны газарт орж ирэхэд нь ялгаварлан гадуурхсан асуудлын эсрэг ажиллаж байна. Өнөөдөр талийгаач охины хэрэг дээр дөрөөлж, эрх зөрчигдөж байгаа олон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь бидний зорилт. Стратегийн өмгөөлөл заавал амжилтанд хүрдэг.