Хамгийн гол нь Засаг даргыг сонгох асуудлыг ингэж сунжруулж, төрийн ажлыг уях шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Угтаа бол аймгийн ИТХ дөрвөн жилийн турш Хөвсгөл аймгийг удирдах хариуцлагатай үүргийг гүйцэтгэх хүнийг сонгохдоо ул суурьтай хандаж, улстөржилгүй, нэг ёсондоо сэтгэл гаргах ёстой байлаа. Харамсалтай нь олонхоороо түрий барьсан МАН-ын төлөөлөгчдийн хувийн амбиц, албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал нь орон нутгийн эрх ашгаас дээгүүр байдаг гэдэг нь энэ үйл явдлаас харагдаж байгаа юм аа. Тодруулбал МАН-ын төлөөлөгчид олонхын давуу байдлаа ашиглан намын бүлгээс Л.Ганболдыг сонгосон боловч засгийн газар дээр ирээд “Төрийн алба хашиж байгаагүй” гэдэг шалтгаанаар гурван ч удаа буцаасан юм. Харин Л.Ганболд үүнийг эсэргүүцэж, энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Намайг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулж өгөөч” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Ерөнхий сайдын зүгээс “Гурван удаа буцааж байхад нэг хүний нэрийг ирүүлсээр байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгааг харуулж байна. Энэ бол аймаг, орон нутгийг том компаниуд хувьчилж авах гэсэн оролдлого” гэдэг тайлбарыг хийж байсан. Энэ нь ч үнэний ортой байсан гэдгийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйлд явдал харуулсан. Тиймээс тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргаа сонгох эхний хурлаараа л мөнгө харалгүй, зөв хүнээ сонгочихсон бол Хөвсгөл аймаг 2012 онд Засаг даргатай болчих байлаа.
Гэтэл төрийн алба, түмний төлөө зүтгэх үүрэг хариуцлага гэж юу байдгийг ч мэдэхгүй, хувийн ашиг сонирхолоо хэт дээгүүр үнэлж яваа Л.Ганболд гэгчийн чулуудсан хэдэн төгрөгөөр сонголтоо хийж, гар өргөсөн нь Засаг даргын томилгоог сунжруулахад хүргэжээ. Үүнээс болж Хөвсгөл аймагт хийгдэх ёстой байсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил удааширч,бүр цаашлаад аймгийг төлөөлөх жинхэнэ Засаг даргагүйгээсирэх жилийн төсөв нь ч танагдаж батлагдсангэдгийг хэлэх хэрэгтэй.Хэдийгээр өнгөрсөн хугацаанд аймгийн Засаг даргын үүргийг Сү.Батболдын Засгийн газрын үед томилогдсон МАН-ын гишүүн Цэрэнжав гүйцэтгэж байсан ч нэгэнт карьер нь дуусч байгаа гэдэг утгаараа хойд эцгийн сэтгэлээр энэ албанд хандаж байсан гэдгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хүртэл хэлж байсан удаатай. Харин Хөвсгөл аймгийг ийм байдалд оруулахад төр, Засгийн газар гэхээсээ илүүтэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хоосон улстөржилт, дөргүй бух шиг мөнгөний зүг зүтгэсэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид буруутай гээд хэлчихэд болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр Хөвсгөлчүүд орон нутгийн сонгуулиар ямар сэтгэлтэй хүмүүст саналаа өгчихсөн нь илэрхий харагдаж байгаа юм. Мэдээж улстөрийн ууган хүчин МАН-аас нэр дэвшигч гэдэг утгаар нь хандсан байж таарна. Харамсалтай дээрээ суудлаа олохгүй байгаа МАН, доороо ч гүйдлээ олж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл дээрээ учраа олохоо байсан улстөрийн хүчний нөлөөгөөр орон нутгийн төлөөлөгчид нь хүртэл нутаг орноо гэсэн чин хүслийг биш хоноцын сэтгэл өвөрлөн асуудалд хандаж байгаа нь энэ ээ.
Б.БАТ