
Чан Сон Тхэк пүрэв гаригт цаазлагджээ. Фотография: Yonhap/Reuters
Хойд Солонгосын лидерийн авга ах Чан Сон Тхэкийг тус орны засгийн эрхэнд гарах гэсэн хэмээн буруутгаад цаазалсан тухай тус улсын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулав. Тус орны хоёр дахь нөлөө бүхий хүн гэгдэж байсан тэрээр 2011 онд нас барсан Ким Чен Ирийг залгамжлах хүмүүсийн нэг гэгдэж байв.
ЦМТА цэргийнхэн Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хуралдаан дээр бага Кимын авгын гарыг мушгин барьж буй зургийг харуулжээ. Улстөрчийн энгэрт нь намын тэмдэг байгаагүй нь анхаарал татав. Албан ёсны сурталчилгааны кинонуудаас түүний кадруудыг хассан байв.
Улстөрч засгийн эрхийг авч, улс орныг “эдийн засгийн сүйрэлд” хүргэх гэсэн хэмээн албан ёсоор яллажээ. “Түүнд нам, төрийн эрх авах гэсэн биелэшгүй мөрөөдөл байсан юм. Бохир төлөвлөгөөгөө тэр эртнээс боловсруулсан ба Ким Ир Сен, Ким Чен Ир нарыг амьд байхад тэр төлөвлөгөөгөө чадварлагаар нууж байлаа. Одоо Чан Сон Тхэк өөрийн амбицаа үзүүлж эхэлсэн юм” хэмээн сүртэйгээр ЦМТА байдлыг зурагласан байна.
Чан Сон Тхэкийг цаазалсан нь “Хойд Солонгосын дэглэмийн хэрцгий араншинг харууллаа” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдэв. “Ийм маягаар Ким Чен Ун өөрийн засгаа харууллаа” хэмээн Хопкинсийн Их сургуулийн Хойд Солонгосыг судлаач Рудигер Франк хэлснийг Reuters иш татжээ.
Өмнөхөн нь Чан Сон Тхэк Хөдөлмөрийн нам ба засгийн бүх тушаалаасаа зайлуулагдсан байв. Тэгэхэд нь түүнийг тус орны санхүүгийн системийн тэнцэрийг алдагдуулсан, завхайрсан, архидсан хэмээн ялласан юм. Түүний хоёр туслахыг олны өмнө цаазалсан байв.
Чан Сон Тхэк нь Ким Ир Сений охин Ким Чен Ирийн бага дүү Ким Ген Хигийн нөхөр байв. Улстөрч ба түүний эхнэр Хойд Солонгост нөлөө бүхий хүмүүс байсан ба түүнийг Ким Чен Ирийн залгамжлагч болгохоор ноцтой ярилцаж байсан гэдэг.
Хосууд 2004-2006 онуудад улс төрийн амьдралаас алга болсон байв. Дараа нь 2006 онд Ким Ген Хи Хөнгөн үйлдвэрийн сайд болж, Чан Сон Тхэк БНАСАУ-ын Үндэсний цэргийн комиссийн орлогч дарга болов. Ким Чен Ир нас барсны дараа хосууд төрийн шинэ лидер Ким Чен Уны “багш” нар нь болсон гэдэг. Мөн Чан Сон Тхэк үүний зэрэгцээ, Хятад, Хойд Солонгосын харилцааг хариуцаж, эдийн засгийн шинэчлэлийн төлөө байсан гэдэг.
Сануулахад, Хойд Солонгосын засаг өв залгамжлагддаг. Чучхе гэсэн үзэл баримтлалыг бий болгосон Ким Ир Сен 1948 онд ерөнхий сайд болжээ. Тэрбээр 1972 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Нас барснаасаа хойш мөнхийн ерөнхийлөгч гэгджээ. Дараа нь 1994 онд засаг нь түүний хүү Ким Чен Ирт шилжсэн ба өнөөгийн лидер Ким Чен Ун 2011 онд улсыг толгойлж эхэлжээ.