
Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба М.Чойжамц, "Дашчойлин" хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав, хэлбичгийн эрдэмтэд зэрэг хүмүүс оролцлоо.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын даргын хувиар Л.Болд хэлсэн үгэндээ “Өвөг дээдсийнхээ өв соёлыг дэлхийн өв болгон алдар хүндийг нь цуурайтуулахын зэрэгцээ хадгалж, хамгаалах үүрэг хариуцлага бидэнд ирж байна” гэж онцолсон юм. Мөн Есөн эрдэнийн “Ганжуур”-ыг дэлхийн баримтат өвд бүртгэсэн гэрчилгээг ЮНЕСКО арван нэгдүгээр сард олгосноос хойш Монголын “Монгол уран бичлэг”, “Монгол гэр урлал, зан үйл” маань биет бус соёлын өвд бүртгэгдсэнийг дурдаад энэ үйл хэрэгт олон жилийн турш мэдлэг оюун, цаг хугацаа, нөр их хөдөлмөрөө зориулсан эрдэмтэн судлаач, холбогдох бүх байгууллага, хүмүүст талархал илэрхийлсэн юм.
Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажав энэ үеэр онцлохдоо “Ганжуур”-ын гайхамшигт хувь болох есөн эрдэнийн бүтээл нь өнөөгийн бидэнд шашин шүтлэгээр дамжин сүм хийдүүдэд хадгалагдаж ирснийг дурдаж байлаа. Бурхан Шакьяамуни болон түүний шавь нарын туурвисан асар том судрын чуулган бөгөөд 110 боть энэ бүтээлийг монголчууд олон аргаар бүтээсний нэг нь есөн эрдэнээр урласан хэлбэр нь юм. Энэ нь тусгайлан боловсруулсан хар цаасан дээр алт, мөнгө, шүр гээд есөн эрдэнээр бичсэн хэрэг юм.