Сурагчдын амралтыг уртасгана

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг уртасгана

Чуулганы хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гишүүдээс дүрэмт хувцасны асуудлыг голлон асууж буй бөгөөд Сайд Л.Гантөмөр энэ талаар “Баян хоосноор ялгарч байна. Баян айлын хүүхдүүд хувцсаараа ялгарч байгаа нь нийгэмд ангийн ялгарал гаргахад хүргэж байна. Бага ангийн хүүхдийн хувцас 41 мянган төгрөг, эрэгтэй нь 62 мянга, дунд анги нь 76 мянган төгрөг. Ахлах ангийн иж бүрдэл нь 108 мянган төгрөг байгаа. Гэтэл ахлах ангийнхны иж бүрдлийн үнээр л бүх сурагчдын дүрэмт хувцасны үнэ гэж ойлгож яриад байна” гэв.

Мөн сурагчдын өвлийн амралтын талаар Д.Гантөмөр сайд “Өвлийн амралтыг өнгөрсөн жилээс илүү урт байхаар болж байгаа. Бага ангийн хүүхдүүд 5 долоо хоног, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг цагаан сарын амралтыг нь тааруулан хийхээр болсон, мөн дараагийн урт хугацааны амралтыг ахлах дунд ангийнхны амралтыг мал төллөх үеэр хийж байгаа” гэх тайлбарыг хийлээ.

Дараагаар нь гишүүн А.Бакей хот хөдөөгийн сургууль цэцэрлэг, дотуур байрны нөхцөл маш их ялгаатай болж байгаа тухай онцолсон бөгөөд  “Алслагдсан сумын дотуур байрны нөхцөл дэндий хангалтгүй байна” гэсэн байна. Хуралдаан үргэлжилж байна.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж