Ажлын хэсгүүд байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүд байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлаж, бүлгийн дарга  Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг авч хэлэлцжээ. Тухайлбал, Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцээд дэмжсэн байна. Гэхдээ олон асуудлыг тодотгох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна гэж үзээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсууриар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсэг нь дээрх асуудлын хүрээнд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхны ажлын уялдаа холбоог хэрхэн хангах вэ гэдгийг судалж, улмаар тодорхой санал гарган, бүлгийн хуралдаанд оруулж ирэхээр тогтжээ.

Мөн   хуралдаанаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн бөгөөд  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан ажиллах гэнэ. Түүнчлэн бүлгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд явах нь зүйтэй” хэмээн үзжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж