Талийгаач амиа алдахаасаа хоёр цагийн өмнө ах руугаа ярьжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Талийгаач амиа алдахаасаа хоёр цагийн өмнө ах руугаа ярьжээ

Малайз улс руу англи хэл сурахаар явж улмаар учир битүүлгээр амиа алдсан Б.Энхтуяагийн ээж А.Шархүүтэй ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Танай охин анх хэзээ Малайз улсыг зорьсон бэ?

-Манай охин 2011 оны наймдугаар сард хотод ажилд орсон юм. Энэ үедээ найз залуутайгаа хамт амьдарч байсан. Тэгээд дараа нь найз залуугийнхаа хамтаар англи хэлний сургалтад суухаар Малайз явсан юм. Тэр хүүтэй жил гаруйн хугацаанд үерхсэн. Тэд Малайзад 2012 оны хоёрдугаар сард Малайзад ирчихлээ гээд бидэнтэй холбоо барьсан. Харин 2012 оны дөрөвдүгээр сард охин маань бидэнтэй холбоо барихдаа найз залуугаа Монгол руу буцсан тухай хэлээд өөрийгөө өдөр нь хичээлдээ яваад орой нь дэлгүүрт кассчин хийж байгаа тухайгаа хэлж байсан. Ингээд л үүнээс хойш холбоо тасарсан. Охиныгоо холбоо барихгүй сар гаруйн хугацаа өнгөрөхөд нь бидний санаа зовоод Банязүрх дүүргийн XI хорооны цагдаад “Миний охин Малайз руу яваад өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бидэнтэй холбоо барьсангүй. Охины минь сургийг гаргаж өгөөч” гэж өргөдөл бичиж өгсөн.

-Таны өргөдлийг цагдаа хүлээж авсан уу?

-Цагдаа өргөдөл авахдаа бичиг баримт, найман хувь зураг бүрдүүлж өгөх хэрэгтэй  гэсэн. Үүнийх нь дагуу бид бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Гэвч ямар ч хариу өгөлгүй удсан. Тийм учраас гурван сарын дараа буюу 2012 оны наймдугаар сард дахин хэсгийн цагдаадаа хандсан. Харин бидэнд 20-иод хоногийн дараа хариу өгөхдөө “Охин чинь өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-аар дамжин Малайз руу явсан байна” гэсэн. БНСУ-ын Чэжү рүү охины минь тийм онгоцонд сууж явжээ гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байж л дээ. Гэвч үүнээс дорвитой хариу өгөхгүй болохоор нь Эрүүгийн цагдаагийн газарт хандсан.

-Тэгэхээр охиноо сураг тасарснаас хойш цагдаагийн байгууллагатай байнга л холбоотой байж ээ?

-Тийм, цагдаагийн байгууллагатай байнга  л холбоотой байсан. 2012 оны тавдугаар сараас 2013 оны есдүгээр сар хүртэл хэсгийн болон дүүргийн цагдаагийн хэлтэст дөрвөн удаа хандаж өргөдөл өгсөн ч дорвитой хариу аваагүй. Тиймээс 2013 оны аравдугаар сарын 15-нд хамаатныхаа хүний зөвлөсний дагуу Эрүүгийн цагдаагийн газарт хандсан юм.

-Эрүүгийн цагдаагийн газар ямар нэгэн хариу өгсөн үү?

-Интерполоор танай охиныг хайж байгаа гэх ганцхан үг хэлж намайг мөн ч олон удаа нааш, цааш нь явуулсан даа.

-Энэ хугацаанд охин чинь ор сураггүй байсан уу?

-Үгүй ээ. Охин маань 2013 оны аравдугаар сарын 13-нд ахтайгаа холбогдон “Миний паспортыг хүн барьцаалчихсан, би зугтаж явна. Хоёр ихэр охин бас нэг эгчтэй нийлээд  миний бичиг баримтыг аваад барьцаалчихлаа. Монголчууд байж эд нар чинь ямар муухай юм бэ. Тэд хүний наймаа хийдэг хүмүүс байсан байна” гэж хэлээд ихэд амьсгаадаад гүйж байсан. Охин маань 2013 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэл бидэнтэй холбогдон байнга л мэдээлэл өгдөг байсан. Бид тэр бүхнийг баримтжуулаад Эрүүгийн цагдаад тухай бүрт нь өгч байсан. Гэвч тэд охины минь төлөө, хүний нутагт барьцаалагдсан монгол иргэнийхээ төлөө юу ч хийсэнгүй.

Барьцаалагдсан монгол бүсгүйг мансууруулж байв уу?

-Эрүүгийн цагдаагийнхан Малайз руу явах ч юм уу, тус улсан хууль хяналтын байгууллагынханд хандсан уу?

-Ямар ч ажиллагаа хийгээгүй. Бид охиныхоо бүхий л мэдээллийг өгч байсан. Зугтааж яваад ахтайгаа ярьсан бичлэг, надтай ярьсан бичлэг, бичиг баримтыг аваад барьцаалсан гэх тэр хоёр ихэр охин болоод тэдэнтэй хамт байсан монгол хүүхний зургийг нь хүртэл фейсбүүк хуудаснаас нь аваад өгсөн шүү дээ.

-Та охиныхоо найз залуутай уулзсан уу. Ямар учраас танай охиныг хүний нутагт үлдээчихээд ирсэн юм бол?

-Уулзаагүй ээ, тэр хүү охинтой маань Малайзад хамт очоод 14 хоночихоод л буцсан гэсэн. Найз залуугаа явснаас хойш л охин маань тэр гурван монгол хүүхэнтэй найзалсан юм шиг байгаа юм.

-Охиныг тань паспортыг авахаар нэг монгол залуу ирж уулзсан гэсэн. Тэр юун залуу байсан юм бэ?

-Тэр гурван хүүхэн миний охинд паспорт гаргаж өгнө гээд Монголоос иргэний үнэмлэх болоод бусад бичиг баримтых нь хуулбарыг авахуулсан байдаг. Охин маань энэ тухай бидэнд ярьж хэлсний дараа Тэмүүжин гэх нэгэн залуу ирж уулзсан. Тэр залуу надтай утсаар яриад “Би Энхтуяагийн найз залуу байна. Иргэний үнэмлэхнийх нь хуулбарыг авч электрон шуудангаар явуулах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд би тэр Тэмүүнжин гэх залуутай өнгөрсөн 15-нд уулзахад нүдэнд хүйтэн царайтай хүн байсан. Түүнчлэн тэр залуу нэг л сэжигтэй санагдаад байхаар нь бид шууд л түүнийг Эрүүгийн цагдаад барьж өгөөд болсон явдлын талаар тайлбарласан. Гэтэл цагдаа нар түүнийг хэрэгт холбогдолгүй хэмээгээд явуулчихсан байсан. Сая охиныг минь өнгөрөхөд Малайзаас бидэнд албан тоот ирсэн юм. Тэрхүү албан тоотод хуучин гадаад паспортынх нь дугаар байсан. Ямар ч шинэ паспорт олдоогүй. Тэгэхээр энэ гурван монгол охин болон биднээс ирж охины минь бичиг баримтыг авсан Тэмүүжин гэх залуу хоорондоо холбоотой байх магадлалтай гэж бодоод байна. Тэд миний охинтой найзалж, итгэлийг нь олоод улмаар золиосолсон байх. Миний охин бидэнд “Эд нар чинь ямар аймаар хүмүүс вэ. Ганган машин унаад байнга л мөнгөтэй явдаг байсан чинь хүний наймаа хийдэг хүмүүс байна. Би гэрийн хаяг, ах эгч нарынхаа утасны дугаар гээд өөрт холбоотой бүхий л мэдээллээ өгчихсөн” хэмээж байсан.

 -Эрүүгийн цагдаагийнхан талийгаачтай холбоотой байсан уу?

-Манай охинтой Эрүүгийн цагдаагийн нэг ажилтан ярьсан гэдэг. Ингэхдээ “Чи насанд хүрсэн байж яагаад маяглаад байгаа юм бэ. Ар гэрийнхнийгээ зовоохоо боль” хэмээн загнасан тухай охин маань хэлж байсан.

-Охиныг тань өөд болсон тухай хэн анх мэдээлэл өгсөн бэ. Амиа алдахынхаа өмнө та бүхэнтэй холбоотой байв уу?

-Охин маань бидэнтэй аравдугаар сарын 13-наас арваннэгдүгээр сарын 12 хүртэл байнга л шахуу холбоотой байсан. Охиныг минь барьцаалан хорьж байсан хүмүүс утсаар чөлөөтэй яриулдаг байсан. Биднийг залгахад хүртэл нэг малайз хүн аваад Энхтуяатай ярья гэхээр утсаа аваачиж өгөн яриулж байсан нь учир битүүлэг санагдаад байгаа юм. Охиноо хаана хэнтэй, яаж байна гэхээр харанхуй камертай өрөөнд хоригдож байна. Хажууд монгол эмэгтэй, хэдэн малайз хүн байна намайг хөл гар, нуруу руу нарийн модоор зодсон гэж хэлдэг байв. Бас бидний яриаг хүн давхар сонсож байгаа шүү гэж ярьдаг байсан. Яг ямар байдалтай байгааг нь асуухаар дуугуй болоод үгээ зөөж ярьдаг байсан. Охинд минь мансууруулах төрлийн ямар нэг зүйл хэрэглэж байсан байх гэж бид хардаад байгаа. Миний охин их шартай, гүргэр охин. Бид охиндоо аль болох тэдний үгнээс битгий зөрөөрэй. Бид цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй очиж авна гэхээс өөрийг хэлж чаддаггүй байв.

Нэгэн малайз хүн Б.Энхтуяаг нас барсан тухай ар гэрийнхэнд нь хэлжээ

-Ахыгаа Малайз явна гэхээр дургуйцдэг байсан гэл үү?

-Тийм, ах нь би нисч очоод чамайг заавал хайж олоод аварна гэхэд та ирээд хэрэггүй. Эд нар чинь цагдаатайгаа сүлбэлдчихсэн. Би эд нараас зугтаад цагдаа дээр нь очсон. Малайзын цагдаа намайг буцаагаад эд нар дээр аваад ирсэн. Таныг ирвэл шууд буудчихна шүү, битгий ирээрэй. Тэгээд ч та намайг олж чадахгүй гэдэг байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өглөө 07.30-нд ахынх нь утас дуугараад нэг малайз хүн ярьсан. Хэл мэдэхгүй болохоор тэр ярьсан дугаарыг нь бариад Эрүүгийн цагдаа дээр очиж хэлсэн. Тэгэхэд манай Эрүүгийн цагдаа “Тантай гадаад хүн ярина гэж байхгүй. Нэг монгол хүн л малайз аялгаар ярьсан байна. Яахав наад бичлэгийг чинь авья” гэж хэлээд намайг явуулж байсан. Тэгээд охинтойгоо холбоо тасарсан учраас өдөр бүр л Эрүүгийн цагдаа дээр очин юу болж байна гэж асууж сураглахад “Бид интерполд хандсан. Удахгүй охиныг чинь авчирна. Та тайван байж бай” гэхээс өөрийг хэлдэггүй байсан. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны үүрээр мөн л нэг гадаад хүн миний хүү рүү ангилаар ярьсан. Хэлийг нь сайн ойлгоогүй болохоор утасны дугаарыг нь аваад найзаараа яриулж орчуулга хийлгэсэн. Гэтэл тэр хүн охиныг минь Малайзын Госпиталь эмнэлэгт байна. Хурдан ирж хүнээ ав гээд Малайзын цагдаагийн газрын утасны дугаарыг өгсөн. Үүнийх нь дагуу Малайзын цагдаатай холбогдоход охиныг минь нас барсан гэж хэлсэн. Төд удалгүй тэр өдрөө Бээжингийн Элчин сайдын яамаар дамжуулан “Малайзад охин тань нас барсан байна” гэсэн.

-Тэр албан тоотод өөр нарийн ширийн зүйл байна уу. Сэжиглэмээр ч гэдэг юм уу?

-Охиныг маань арваннэгдүгээр сарын 12-нд өглөөний 06.00 цагт өнгөрсөн гэж бичсэн байсан. Миний охин тэр нас бардаг өдрийнхөө үүрийн 04.00 цагт ахтайгаа яриад “Намайг дөрвөн хүн машинаар нэг газар руу авч явж байна” гэж хэлээд л сураг тасарсан юм билээ. Тэрний өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-нд утсаар ярихдаа “Би бүхнийг мэдчихлээ. Эд нар маргааш намайг ална гэж байна. Миний бөөр, зарим эрхтэнг авах юм байх. Намайг зурагтаар өнгөрсөн гээд зургийг маань гаргаад байна. Би маргааш үхнэ. Намайг үхсэний дараа юу гэж хэлэх юм бол мэдэхгүй. Ээжийнхээ л дууг сонсмоор байна” гэж ярьсан. Тэр үед нь бид тайвшруулан цагдаа интерполд хандсан удахгүй аврана л гэж тайвшруулсан. Тэгээд 11-нд “Агаа би амьд” гэдэг мэссэжийг ахынхаа утас руу явуулсан. Охин маань эцсээ хүртэл амьдрахын төлөө тэмцэж байсан. Бас нэг зүйл нь бидэнд Малайзаас ирсэн албан тоотод охины чинь шарилыг авахаар монгол залуу ирсэн. Гэр бүлийнх нь хүн гэдгийг нотлох баримт байгаагүй болохоор өгөөгүй гэж бичсэн байсан. Мөн миний охины яриад байсан утсыг одоо нэг хятад хүн барьдаг. Тэр хүнийг бас шалгуулмаар байна. Биднийг яриад энэ хэний дугаар вэ охин маань барьж байсан гэхээр Малайзын цагдаагийн газар, эмнэлэгийн утсыг л өгдөг. Энэ мэт учир битүүлэг, шалгуулах зүйл маш их байна. Үүний тулд бидэнд мэргэжлийн хүн хэрэгтэй байна.

 -Хамт байсан гурван монгол эмэгтэйгийнх нь сургийг гаргасан уу?

-Тэднийг хэн болохыг Эрүүгийн цагдаагийн газрынхан тогтоочихсон байгаа. Биднийг Малайзад очоод тэдэнтэй уулзаарай гэсэн. Гэхдээ одоо тэдний талаархи мэдээллийг хамаагүй задалж болохгүй байна. Учир нь, тэд оргон зайлах магадлалтай шүү дээ.

 Гадаадад байгаа монголчууд чинь эзгүйрчихсэн байна

 -Охиныг өөд болсны дараа Эрүүгийн цагдаагийнхан ямар байдалтай хандсан бэ. Тэд мэдэж байсан уу?

-Бид Эрүүгийн цагдаагийнхантай холбогдож охиныхоо нас барсан тухай хэлэхэд тэд мэдээгүй байсан. Үүнээс хойш ч юу ч хийхгүй, яг л өмнөх шигээ хайнга хандсаар л байна. /уйлав/  Бид охиноо өнгөрсний дараа ГХЯ-ыхантай очиж уулзсан. Тэд бидэнд эрсдлийн сангаасаа зургаан сая төгрөг гаргаж өгсөн. Бидэнд охинтой маань холбоотой бүх мэдээлэл, утасны яриа, гэрэл зураг цагдаагийн байгууллагад хандаж байсан өргөдлүүд байгаа. Эрүүгийн цагдаагийн газарт бүгдийг өгсөн. Тэд маш их хугацаа алдан ажиллаж миний охины амь насыг аврахад юу ч хийгээгүйд маш их харамсаж байна. Охин маань хүний наймаачдын гэрч болон харамсалтайгаар хүний нутагт амиа алдлаа. Эцсээ хүртэл бидэнтэй холбоо барин бүхнээ тоочиж, амьдрахын төлөө тэмцэж байсан охин минь амиа хорлоогүй, гэмт хэргийн золиос л боллоо.

– ГХЯ, ХЗЯ, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд та бүхэнд туслаж байна уу?

-Тэр тал дээр хөдөлгөөн байхгүй байсан шүү дээ. Энэ асуудлаар хэвлэлд хандсны дараа  ГХЯ, ХЗЯ, ХЭҮК-ийнхон хөдөлгөөнд орж эхэлсэн. Хэвлэл мэдээлэл үнэхээр хүчтэй юм байна. Охиноо хүний барьцаанд байхад нь цагдаагийн үүд сахиж жил гаруйн хугацаа алдаж байхынхаа оронд хэвлэл мэдээллийнхэнд хандчихсан бол охин минь өдийд амьд сэрүүн эх орондоо ирчихсэн байх байж дээ гэх харуусал төрөх юм.  

 -Та нарыг Малайз руу явж охиныхоо шарилыг авчрахад эндээс хамт явж аюулгүй байдлыг тань хангах болоод дэмжлэг үзүүлэх хүн бий юу. ГХЯ-наас хүн томилж өгч байна уу?

-Өнөөдрийг хүртэл бидэнд яг тэр хүн тийм мэргэжилтэн хамт явна гээд гаргаж өгөөд уулзуулчихаагүй л байна. Аман дээрээ гаргаж өгье гэж байгаа ч алга л байна. ГХЯ, ХЗЯ, ХЭҮК-оос гаргаж өгнө л гэсэн болохоос биш яг тодорхой хүн одоогоор алга. Мэргэжлийн хүнтэй явахгүй л  бол очоод өөрсдөө мэдээд чандарлаад ирдэг дараа нь бидэнд хандсангүй туслах байсан гэж ярина гэж зөвлөсөн учраас төрөө иргэнийхээ төлөө хөдлөөсэй гэсэндээ хүлээж суугаа. Бид мэргэжлийн хүмүүс биш эд эрхтнийг нь аваад зарчихсан байсан ч мэдэхгүй шүү дээ.

-Та бүхэн хэдийгээр Малайз руу явах вэ?

-Яг одоогоор товлосон өдөр алга. Яам, тамгын газраас хамт явах мэргэжилтэн гаргаж өгөхийг хүлээгээд өдөр бүр л үүдийг нь сахин нэгнээс нөгөөгийн хооронд явна. Сонин хэвлэлд мэдээлэл гарсны дараа л тэд хөдөлж эхэлж байна шүү дээ. Бид нар энэхүү ярилцлагыг хүмүүст сэрэмжүүлэг болгох үүднээс л өгч байгаа юм шүү. Түүнээс биш шоу хийх гээгүй. Бид охиныхоо шарилыг авчрахын төлөө бүхнээ л зориулж байна. Хэн нэгнээс мөнгө царайчлан гуйгаагүй. Гол нь холбогдох мэргэжлийн хүн нь бидэнтэй явж тэнд очиж ажилаласай гэсэндээ өнөөдрийг хүртэл албаныханд хандаад байгаа юм. Түүнээс биш бид аль эрт өөрсдөө явахаар онгоцны тасалбараа захиалчихсан байсан. Ямарч байсан бид охиныхоо 49 хоногоос өмнө очиж шарилыг нь авчирна. Ингэхдээ бараг чандарлаж л таарах байх. Учир нь шарилыг зөөвөрлөхөд тусгай онгоц захиалдгаас гадна тийшээс улс орнууд өөрийн орны дээгүүр шарил зөөвөрлөхийг хориглодог юм билээ. Энэ хэргийн учрыг олоход манай улсын хууль хяналтын байгууллага болоод Элчин сайдын яамныхан туслаасай гэж хүсч байна. Олон ээж над шиг битгий ингэж алдаасай. Хэрвээ хүүхэд чинь гадаадад байдаг бол араас нь сураглаарай. Гадаадад байгаа монголчууд чинь эзгүйрчихсэн юм байна шүү.

 Г.ДАША

Эх сурвалж: www.EAGLE.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж