Хотоос алслагдсан, хотын соёлоос хоцрогдсон гэж өнөөгийн залуус хөдөө орон нутгийг голох болсон. Тиймдээ ч нийслэл хотыг зорих орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн жил ирэх бүр нэмэгдэж байна. Гэхдээ энэ асуудалд төрөөс чухалчлан анхаарсны дүнд Орон Нутгийн Хөгжлийн Санг бий болгон хэрэгжүүлж эхэлсэн юм. Сангийн гол зорилго нь хөдөө орон нутгийн иргэд тулгамдаж байгаа асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг бүрэн олгосон. Үүнээс гадна уг сангийн өөр нэг давуу тал нь орон нутгийн иргэд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтанд гар бие оролцох боломжтой.
Орон Нутгийн Хөгжлийн Сан бий болсноор тухайн аймаг, сум, багт нэн түрүүнд шаардлагатай байгаа, олон нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалт болон амьдрах орчиноо сайжруулах томоохон ажлуудыг иргэдийн санал дээр тулгуурлан хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Иргэн та хэрэгжиж байгаа төслийн явц, төсөлтэй холбоотой гарсан шийдвэрүүдэд өөрийн биеэр хяналт тавина гэсэн үг. Энэ бүгдээс харахад таны амьдарч байгаа орон нутагт хөгжил хоцрогдсон биш, харин та таатай орчин, өнөөгийн хөгжлийг өөрийн гараар бүтээн байгуулах боломж ирсэн гэж хэлж болох юм.