
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж заасны “… шүүх бүрэлдэхүүнд …” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ. Энэ шийдвэрийг УИХ арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцэхээр болсон байна.