
зүтгэлээ бодит биелэл болгоно…
Өнгөрсөн оны яг өдийд “Солонгосын аз жаргалыг бүтээхээ” амласан нэр дэвшигч Пак Кын Хей БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр тодорч байв. 50-иас дээш насны сонгогчид санал өгөх байр луу тун идэвхийлэн явцгаана. Өтгөс буурлууд орноосоо босох тэнхэлгүй ч гэлээ толгойгоо өндийлгөх нь өндийлгөөд, босч чадах нь хүнээр түшүүлээд ч атугай очиж саналаа өгцгөөсөн гэдэг.
Санал хураалтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ядуу зүдүүгийн зовлонг бие сэтгэлээрээ амсаж туулсан хөгшчүүл бүгд л генерал Пак Жөн Хиг санан дурсаж, түүний охин Пак Кын Хейд саналаа өгснөө нэр төрийн хэрэг гэцгээж байлаа. Хатагтай Пакын ялалтыг Солонгос орноо хөл дээр нь босгосон Пак Жөн Хигийн гавьяатай холбон, түүхэн энэ хүнийг ард түмэн нь дурсан, хүндэтгэж буйн илэрхийлэл гэж хэвлэлийнхэн дүгнэцгээж байв.
Солонгосын эдийн засгийн гайхамшгийг бүтээгч нь Ерөнхийлөгч Пак Жөн Хи гэдэгт хэн ч эргэлзэхгүй. “Аав маань үнэхээр онцгой их мэдрэмжтэй, хатуу чанд,
зорьсондоо заавал хүрч л байж санаа нь амардаг хүн байсан бөгөөд ирээдүйнхээ талаар бодож, төлөвлөх чадвараас нь би бага ч болов суралцсан” хэмээн хатагтай Пак Кын Хей аавынхаа талаар ийнхүү дурссан нь сонирхолтой юмаа.
…Жараад онд өвсөө буцалгаж уухаас өөр хоолгүй өлөн зэлмүүн солонгосчуудын сарын дундаж цалин 8 доллар хүрэхтэй үгүйтэй байх үеийн Ерөнхийлөгч Ли Сын Маны бодлого, үйл ажиллагааг Пак Жөн Хигийнхтэй харьцуулахад л чухамхүү хэн нь мэдрэмжтэй, харизматик лидер болохыг ялган тунгааж өгнө.
Аль 1875 онд төрсөн Ли Сын Маны юу хийхээ мэдрэх чадваргүй болсныг нас дээр гарсантай холбож болох ч түүний гол алдаа бол үндэстнийхээ дотоод онцлогийг умартчихсан явдал. Ядаж л бор дарсанд толгой мэдүүлсэн тэрбээр улс орныг удирдлагын хяналтаас алдчихсан болохоор нийгэмд авилга хээл хахууль цэцэглэж, эмх замбараагүй явдал газар авсан. Түүний залгамжлагч Юн Бо Сон ч дээрдсэнгүй, ерөнхийлөгчийн сонгуулийн будилааныг эсэргүүцсэн оюутны үймээн жагсаал улс оронд эмх замбараагүй байдлыг улам гааруулж, нөгөө талаас Зөвлөлт, Хятадын тусламжинд дулдуйдан харьцангуй хүчирхэгжсэн Хойд Солонгосын байнгын өдөөн хатгалга, хэзээ мөдгүй довтолж болзошгүй аюул тулгарсан ийм эгзэгтэй үед генерал Пак Жөн Хи цаг үеийн дохиог мэдэрч, хэсэг нөхдийн хамт цэргийн эргэлтээр гарч ирээд нийгэмдээ дэг журам, сахилга хариуцлага тогтоож чадлаа…Түүхэн цаг үе түүхэн хүнийг төрүүлдэг…
Генерал Пак бол цэргийн стратегичээсээ илүүтэй ирээдүйг гайхалтай харж чадсан хөгжлийн стратегич байжээ. Засгийн эрхэнд гарч ирэхэд улс орон нь эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ Хойдохоосоо хол хоцорсон байв.
Тэр үед аж үйлдвэрийн хөгжлөөрөө Азидаа л тэргүүлэх хэмжээнд хүрсэн Хойд Солонгосыг гүйцэхийн тулд нөхцөл байдлаа бодитой үнэлж, ирээдүйгээ зөв төсөөлж, оновчтой томьёолсон тав, таван жилээр төлөвлөж хөгжүүлэхээс өөр аргагүйг Пак гүнзгий мэдэрчээ.
Пакийн санаачилсан анхдугаар 5 жилийн төлөвлөгөөний амин сүнс бол хараат байдлаас ангижирах, аж үйлдвэржих зорилт байлаа. Пак хүнс, эрчим хүчний хараат байдал онц аюултай гэдгийг юун түрүүнд мэдэрч байв. Хүнд үйлдвэрт тулгуурласан салбаруудыг бий болгоход онцгой анхаарч, импортыг орлох бодлогыг тунхагласнаар гадны бараа, бүтээгдэхүүний урсгал эрс багасчээ.
Экспортын чиглэлтэй үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийж, онцгой эрх олгосны
дараа уламжлалт үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг орхигдуулсангүй. Энэ тухай "Солонгосын эдийн засгийн түүх /1876-1979/" номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдийн засгийг захиргааны аргаар удирдаж болохгүйг дээд зэргээр ойлгож, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор дэлхийд бүтээгдэхүүнээ экпортлох чадвартай чебол-групп, корпорацуудыг зориуд бодлогоор дэмжиж, Хьюндэй группийн Жон Жү Ён, Дэүгийн Ким Ү Жүн Самсунгийн Ли Бенчол зэрэг хүчирхэг чебол бизнесменүүдтэй байнга уулзаж, улс орныхоо хэтийн төлөв, хөгжлийн стратегийн талаар санал зөвлөлддөг байсан тухай хожим тэд өөрсдийн дурсамжиндаа тодорхой баримттай өгүүлсэн байдаг юм.
“Сэ маүл үндон” буюу “Шинэ тосгон хөдөлгөөн”-ий үзэл санааг ажил хэрэг болгож, улсын хатуу хяналтан дор тариалангийн бодлогыг явуулсан нь ч хөгжлийн том стратеги байлаа. Хатагтай Пак Кын Хей “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийн талаар ” Нэг удаа аав минь хурдны замын схем зурангаа над руу хандан тосгоны тохь муутай сүрлэн овоохойнуудын оронд амьдрахад ая тухтай жинхэнэ байшин барьчихвал мөн ч сайн хэрэгсэн хэмээн дуу алдсанаас хойш нэг их удалгүй чөлөө заваараа “Шинэ тосгон” дууны шүлгийг зохиож, аяыг нь ч тааруулж, өөрөө дуулж байв. Ард олны дунд түгэн дэлгэрсэн энэ дууг сонсох бүрт аавын урам зориг сэргэж, хүч тэнхээ авч байлаа” хэмээн хожим дурсчээ.
70-аад он гэхэд Пак зорилгодоо хүрч, эдийн засгийн хөгжлөөр Хойд Солонгос байтугай л хол түрүүллээ. Аж үйлдвэржилтийн бодлого нэгэнт эргэлт буцалтгүй эрчээ авчихсан Солонгосын дараагийн зорилт бол өндөр технологи байх нь дамжиггүй.
1957 он гэхэд АНУ “Аж үйлдвэрийн дараах нийгэм” болох мэдээллийн нийгэм рүү шилжээд эхлэсэн гэх сураг чимээ “араа шүдээ хүртэл мэдрэмж, зөн билгээр өвч зэвсэглэсэн” Пакийн чихний хажуугаар зүгээр өнгөрнө ч гэж юу байхав. Өндөр технологид суурилсан эдийн засгийг бүтээхэд урт хугацааны хөрөнгө оруулалт зайлшгүй чухал болохыг ч Пак соргогоор мэдэрсэн юм.
Түүний атомын зэвсэг бүтээх санаачлагаас эхлээд Солонгосын шинжлэх ухаан технологийн хүрээлэн/КАIST, КIST/, ШУТехникийн дээд сургууль зэрэг байгууллага болон ирээдүйг харсан томоохон төслүүдэд чамгүй их хөрөнгө зарсан нь явж явж Солонгосын мэдээллийн нийгмийн суурь дэвсгэр төдийгүй 80-аад он гэхэд Самсунг корпораци нь оюуны багтаамжтай зах зээлд өрсөлдөх түвшинд хүрч, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн нь үүнтэй шууд холбоотой. 1979 онд цаг бусаар насан эцэслэхэд түүний бүтээсэн Өмнөд Солонгос нь аж үйлдвэржих зорилтоо бүрэн хэрэгжүүлж дуусаад мэдээллийн нийгмийн үндэс сууриа тавьчихсан орон болжээ. 1960 онд нэг хүнд ногдох ДНБ 70 орчим доллар байсан бол 1979 он гэхэд 5000 доллар хол давжээ. Өнөөдрийн өнцгөөс зөвхөн Самсунгийг харахад л 1969 оноос хар цагаан зурагт үйлдвэрлэж эхэлж байсан бол өнөөдөр LCD зурагт болон гар утасны дэлхийн зах зээлд тэргүүлэх болж, Самсунгийн үндсэн эргэлт нь 296 тэрбум доллар, цэвэр ашиг 32 тэрбум долларт /2013 оны байдлаар/ хүрсэн түвшинг эдийн засгийн гайхамшиг гэхээс өөр юу гэхэв дээ.
Пак Жөн Хигийн улс төрийн замнал, бодол санаа, зан төлөвийн талаар ингэж өгүүлсэн нь энэхүү нийтлэлээр хэлэх гэсэн үндсэн санааг минь ойлгоход тус нэмэр болно гэж найдна.
Английн гүн ухаантан Жон Локк “Хүний мөн чанарыг ойлгох эссе” хэмээх алдарт бүтээлдээ мэдлэгээс ч дутахгүй нэгэн чухал зүйл бол сэрэхүй мөн гэж сургажээ. Сэрэхүй бол мэдрэмж. Мэдлэгтэй хүн олон байдаг ч мэдрэмжтэй нь өдрийн од шиг цөөхөн.
Хүн гэдэг амьтан мэдээлэл дунд хөвдөг учраас энд тэндээс олоод мэдчихэж чадна. Түм буман мэдээлэл, мэдлэгийн аль нь чухал болохыг мэдрэх нь тийм ч хялбар бус. “Боловсрол гэж ердөө хаана ямар мэдээлэл байдаг, байж болохыг мэдэх, хэрэгтэй мэдээллээ хялбархан олох дадал заншил юм” гэж нэгэн ухаантан хэлжээ.
Хошин шогийн дэндүү мэдрэмжтэй монголчууд мунхаг хүнийг “мэдрэмжгүй шал балай амьтан” гэж ирээд л шоолж, онигоогоор нь бахаа хангана.
Мэдрэмж, зөн билиг төгс хүнээс л дахин давтагдашгүй гайхам бүтээл төрдөг. Бурхан тэнгэр, байгаль эх л харин тэрхүү мэдрэмжийг хүнд хайрладаг мэт. Төрийн жолоо атгаж, түмнийг удирдан чиглүүлэхэд хамгийн чухал чанар бол мэдрэмж. Мэдрэмжтэй хүн л илүү стратегич байж уулын орой дээрээс бүхнийг тольдож буй мэт харж, зөв дүгнэлт, шийдэл олж, улс орноо урагшлуулдаг жишээг Пак Жөн Хи-гийн дээрх түүх өгүүлнэ. Гэхдээ энэ нь эмпирик мэдрэмж бус, харин зөн билиг/онто инсе/ юм. Юу хийхээ мэдрэхгүй бол нэг алхам ч урагш алхахгүй ээ.
Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт зохиогдож, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийг анхааралтай сонсоод, талархах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Загатнасан газрыг нь олоод маажчихваа, Ерөнхийлөгч маань.
Монголчууд бидний дунд буй нийтлэг мөртлөө ихэд ужигирсан бэрхшээлийг илэн далангүй хөндөж, түүнд буур суурьтай дүгнэлт хийгээд зогссонгүй концепцын шинжтэй асуудлыг ч орой руу ортол ойлгогдохоор л дэвшүүллээ.
Монголын нийгэм нэг л болж өгөхгүй байгааг, чухам тэр дундаа төрийн ажиллагаа бүүр ч болохгүй байгаа талаар мэдрэмжтэй, мэдээлэлтэй, мэдлэгтэй хэсэг нь олон жил ярьж, бичсээр ирсэн…Энэ бол цаг үеийн дохио. Үүнд л Ерөнхийлөгч соргог хандаж, бие биенээ буруутгахаас илүүтэй хүндрэл бэрхшээлийг даван туулах, урагшлах замын гарцыг оновчтой томъёоллоо гэж үзэж байгаа юм. Баяр хүргэе, үнэхээр мэдрэмжтэй байна Ерөнхийлөгчөө.
“Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэсэн ардын зүйр үг юутай цэцэн юм бэ. Ерөнхийлөгчийн үнэн үгэнд өширхөгчид хар хороо цацаж байна…”Шоудаж байна л гэнэ, хошгируулж байна л гэнэ, кибер дайны золиос болгох гэж байна л гэнэ, Элбэгээгийн шинэчлэл хуцваа л гэнэ, гэнэт ухаан орлоо л гэнэ, хийрхлээ л гэнэ, хийж харагдаач л гэнэ…Бүр сүүлдээ “Монгол төрийг сул дорой болгох, төрийг хувьчлах, зах зээлийн төр байгуулах замаар Монгол улсыг Төргүй болгох далд санаа агуулсан” гэж ирээд л хардаж байна…тэд.
Төрөө устгахын санаархдаг Төрийн ерөнхийлөгч гэж байх уу? Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа л харуулж, алдаа оноог бурхан л шүүнэ шүү дээ…
Мэдрэмжгүй ийм хүмүүс эгээтэй л бурханаас илүү мэдэмхийрнэ, гэвч дороо хий эргэлдэж, бувтнахаас цаашгүй амьтан л болж хувирна. Сүүлдээ тийм амьтдыг “жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байдаг юм” гэгчийн үлгэрээр адгийн тэнэг нь ч үл тоох болно оо. Хуцаж л байг.
Ер нь ч тэгээд төр засгийн өндөр албан тушаал хашигчдаас урьд өмнө нь иймэрхүү асуудлыг ул суурьтай цогцоор нь зоригтой дэвшүүлсэн үү?
Миний хувьд дуулаагүй л юм байна.
Данхайсан энэ төрийг өөрчлөхгүй гээд яах юм? Төрийн албан хаагчдыг цомхотгохоос илүү дарга нарын тоо толгойг цөөлөх нь зөв биз дээ?
Зуун ямаанд жаран ухна гэгчээр, сум, аймаг, дүүрэг, хотын даргын орлогчоос эхлээд яамны газрын орлогч гээд, бүр цаашилбал сайдыг бэлээхэн орлох бүрэн боломжтой төрийн нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга байхад дэд сайд, дэд дарга хэрэг байгаа юмуу? Төрд онцгой чиг үүрэг гүйцэтгэх газрын албан тушаалтанг үгүйсгээгүй шүү.
Нэгэн үе Оросын зах зээлийг их юм шингээх томоохон хогийн савтай адилтгаж байсан шиг манай төр чанаргүй бараа шахдаг хогийн сав болчихсон нь худлаа биш гэж үү? Их бага гэлтгүй бүгдээрээ төрөөс хулгай хийх эрмэлзэлтэй болцгоосон нь бас худлаа биш гэж үү? Хулгай, хахууль нь дэндэхээр аргаа бараад шоронгийн түлхүүр эргэлдүүлэхээс өөр замгүй болоо биз дээ?
Өрсөлдөх чадвараа дээшлүүлж, тархи, оюунаараа дэлхийн зах зээлээс мөнгө олох гэгээн тэмүүлэлтэй монгол хүн ховордсон нь үнэн биз дээ?
Ерөнхийлөгч энэ илтгэлдээ хөгжлийн стратегийг, нэн ялангуяа мэдээллийн нийгмийн үзэл санааны талаар ярилаа гэж бодогдоно. Нэн ялангуяа өнөөдрийн мэдээллийн шинэ нийгэм, түүний дотор гарч буй өөрчлөтүүдийг ойлгохоос эхлээд мэдээллийн шинэ эдийн засагтай зохицохын тулд үндэсний болоод глобал шинэ санаа, зорилгыг өмнөө тавих талаар Ерөнхийлөгч тодорхой ярьсан юм.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ нь хөдөө аж ахуйн нийгмээс аж үйлдвэрийн нийгэмд шилжихэд бараг 100 жил, аж үйлдвэрийн дараах нийгэм буюу мэдээллийн нийгэмд шилжихэд 20 жилийг зарцуулсан гэдэг. 1957-1958 онд Спутник, Эксплорер хиймэл дагуул хөөргөсөн нь сансрын уудмыг шинжлэн судлахаас илүү мэдээллийн нийгмийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, хиймэл дагуулууд ертөнцийг нэгэн цогц “глобал тосгон” болгон эрс өөрчилжээ.
Дэлхийн технологийн хөгжил мэдээлэл тойрсон үнэт зүйлүүдээр хэмжигдэх болж, өнөө үед мэдээллийн эрин үе нь нам давтамжтай мэдээллээс өндөр давтамжтай мэдээллийн үе рүү гээ шилжиж байна.
Монголчууд бид гэнэт өчигдөр л хаалттай ертөнцөөс цухуйсан амьтад аятай байх юм. Гэтэл бид компьютерийн хувьд, бараг 90 онд “286”гийн барааг анх харж, нийтийн хэрэглээ болсноос хойш 20 жил өнгөрчихсөн хирнээ мэдээллийн нийгэм рүү урагшлах алхаа маань яст мэлхийн явдал шиг. Интернетэд холбогдоогүй гэх шалтгаар 20 секундын дотор цахим шуудангаар шидчих албаны материалаа өвөртлөөд 200-300 км сүнгэнэтэл давхиж буй сумын дарга нар өчнөөн л байна.
Өрнөдийн нийгэм байгаль, экологид халтай, хүнд хортой химийн үйлдвэрүүдээ ази руу, Ази нь Африк руу шилжүүлж байхад бид нар аж үйлдвэр хөгжүүлнэ гэж тунхаглаад сууж байх нь хэр зэрэг цагаа олсон зохистой тунхаг юм болоо?
Өнөөгийн дэлхийн эдийн засаг нь үйлдвэрлэл, мэдээллийн тархалт 2 дээр тулгуурлагдаж байна. Мэдээлэл, мэдээллийн нийгмийн үзэл санаа бол ШУ Технологи, шашин, гүн ухаан, соёлын өргөн хүрээг хамарсан том ойлголт. Мэдээллийн эриний зам харгуй бол харилцаа холбоо. Асар түргэн хурдацтай, өрсөлдөөнтэй хөгжиж буй мэдээлэл дамжуулах технологийн салбарт анхаарал хандуулахын зэрэгцээ мэдээллийг бүтээж бий болгох, боловсруулах, түгээж тараах стратегийн өргөн зорилгод Монголын нийгэм, монголчууд бид бүгдээрээ хараагаа чиглүүлж, билиг оюунаа дайчилж чадвал хөгжил дэвшлийн ширгэшгүй эх ундарга болно.
Учир нь аж үйлдвэрийн нийгэмд стратегийн нөөц нь капитал болдог бол Харвардийн профессор Даниел Белл нь шинэ эринд стратегийн нөөцийг мэдээлэл юм гэсэн санааг анх гаргаж ирсэн. Энэ нь нөөц төдийгүй, хамгийн чухал элемент ба мэдээллийг стратегийн нөөц болгон эдийн засгийн системд ашиглах хамгийн хялбар арга аж.
Монголчууд бидэнд мэдээллийн нийгмийг бүтээж чадах хангалттай ухаан, чадвар, боломж бий. Нүүдлийн соёл иргэншлээс минь улбаатай инвариант чанар болсон хурд, мэдрэмж, дасан зохицох чадвар бидний мах цус, генид маань шингэж кодлогдсонд бүрэн итгэдэг. Тэнгэрлэг ухааныг өвгөдөөсөө өвлөж чадсандаа ч итгэдэг. Харин үүн дээр бидний үндэсний амбиц, сэтгэлийн хүсэл зориг бас уйгагүй, ирмүүн хөдөлмөр л ус агаар мэт хэрэгтэй.
Их эзэн Чингис хааны нэгэн суу алдар бол өрнө, дорнын соёлыг харилцан шүтэлцэж хөгжихөд түлхэц өгч, мэдээллийг/мэдлэг, соёл, технологи/ түгээн тээвэрлэснээр түгжигдмэл дэлхий ертөнцийн хөгжлийг түргэсгэж өгсөнд оршдог биз дээ.
Эдүгээ дэлхийн улс гүрнүүдийн жанжлах бодлогод ч өөрчлөлт гарч байна. 20 дугаар зуунд алалцдаг байсан алт, нефть, уран мэтээр жанжлах бодлого үеэ өнгөрөөж, ус, мэдээлэл 2 луу хошуурах хандлага аль хэдийн эхэлчихсэн.
Дэлхий дээр хэн ч диваажингийн амьдралаар амьдардаггүй. Бүх л үндэстэн, улс оронд өөрийн гэсэн зовлон бэрхшээл буй бөгөөд гагцхүү аз жаргал, сайны туйл руу тэмүүлсэн сэтгэл оюун, мэдрэмж зөн билиг, тэвчээр хатуужлаар сая даван туулна. Үүнийг давж гарахад удирдагчийн харизм, үүрэг асар их болой.
Мэдээллийн нийгэм бол ухаалаг нийгэм мөн. Ухаалаг нийгэм ухаалаг иргэдээс л бүрдэнэ. Өндөр технологид суурилсан бүтээгдэхүүний мөн чанарыг ойлгож, түүнийг бүтээж бий болгох чин эрмэлзэлтэй, мэдээлэл боловсруулж, бүтээж, ашиглаж, түгээж чадах тийм л иргэдтэй нийгмийг ухаалаг нийгэм гэж нэрлэх болов уу. Айсуй цагийн өнгийг мэдрэн, Ерөнхийлөгч таны “Ухаалаг төрийн” үзэл баримтлалыг санаа сэтгэл, үйлсээрээ дэмжихийг хичээж, “мэдээллийн философи”-ыг бага ч болов ойлгож мэдэрсэн хэсэг иргэд бид “ухаалаг нийгэм” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, тантай хамтран ажиллахад бэлэн байна. Өндөр давтамжтай мэдээлэл рүү тэмүүлсэн ухаалаг нийгэм байгуулалцахыг мөрөөдөж байна бид.
Ардчилсан хувьсгал ч бай, онцгой цаг үе ч бай, ямар ч л гэсэн түүхэн цаг үе түүхэн хүнээ төрүүлдэг. Элбэгдорж түүхэн хүн учраас түүхэн үүргээ гүйцэтгэхээр тэмүүлж байгаа нь харин үнэн гэлтэй. Хийж бүтээснээр нь өнөө биш гэхэд 30 жилийн дараа хойч үеийнхэн бахархан, Пак Жөн Хи лугаа адил Элбэгдоржид хүндэтгэлээ илэрхийлж, түүний хүү Эрдэнээг нь хөгжиж дэвшсэн Монголын Ерөнхийлөгчөөр сонгох ч юм бил үү, хэн байг гэхэв, хэн мэдлээ… Түүх давтагддаг л юм даа.
“Юунаас ч битгий ай. Гагцхүү хүний бүтээлч оюуны санал, санаачлагыг бүү чөдөрлө” гэх М.Фридманы үгээр төгсгөе.