Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Усанд угаасан хууль

Ойрдоо цас, бороотой ной­тон өдрүүд үргэлжилж байна. Цаг агаарын сонин  үзэгдлийн зэрэгцээ жагсаал, цуглаан гээд багагүй бужигнаантай байлаа. Цас, бороо, улс төрийн тэмцэл гээд юм, юмтай  энэ хэдэн өдөр харин ундны усгүй болох аюул нүүрлээд байгааг ойлгож ухаарах хүн цөөхөн байв. Манайхан байгаа бүх усаараа эрдэс баялгаа угаасаар балгах юмгүй үлдэх нь гэвэл та итгэх үү. Уг нь 16 жилийн өмнө Ус хамгаалах тухай хуулийг баталсан гэдэг. Гэтэл саяхан  телевизээр “Ус хамгаалах хууль хэрэгжихгүй байна” хэмээн нэгэн иргэн бухимдав. Бухимдах нь бас ортой  л юм байна. Учир нь манайх усны нөөцөөрөө дэлхийд нэлээд доогуурт ордог атлаа суурин буюу хотын хүн амын усны хэрэглээгээрээ толгой цохидог ажээ. Харин энэ тухай мэддэг хүн маш бага. Энэ үзүүлэлтээр мөн л дэлхийд дээгүүрт орно. Гэтэл энэ жилийг Засгийн газраас “Усны жил” болгон зарласан. Энэ нь чухам, усаараа эрдэс баялгаа сайн угаагаарай гэсэн үг үү. Эсвэл усаа гамнаарай гэсэн юм болов уу. Тодорхой ойлголт бас л  байдаггүй.  Арга ч үгүй дээ, усны тухай хуулийг хэн, хэзээ, хаана баталсан  болон ус ямар үнэ цэнэтэй гэдгийг дарга, цэрэггүй мэдэхгүй юм чинь. Ус яг л амьд амьтан шиг уйлж, бусад биетийг мэдэрдэг гэж гадны нэгэн эрдэмтэн саяхан ярьжээ. “Уйланхай” усыг хэр­хэн хайрлан хам­гаалж, гам­нах талаар то­дорхой хууль байхгүй биш, байна.  Гэвч хууль, хуулийн заалт байсан ч түүнээсээ олон дарга, бүр олон уул уурхайн компани байгаа цагт хэн, юу хийж чадах билээ. Усны жилд зориулж усыг хэрхэн ашиглах тухай янз бүрээр ярьж байна, цаана чинь. Гэтэл үүний хажуугаар эрх мэдэлтэй бүхэн хуулиа умартаж усаар  мөнгөө ч, хууль тогтоомжоо ч угааж байна.  Тэгэхээр цэвэр усны нөөцөө барж, ундны усаа гаднаас импортлодог бо­лох цагт угаагдсан хуулиа сая нэг эргүүлж үзэх вий дээ. Сая­хан Сүхбаатарын талбай дээр эх орон, амлалт энэ тэр гэ­сэн уриа лоозонтой хүмүүс жагссан. Тэгсэн тэд баахан адуу авчирч хүмүүсийн  нү­дийг хужирлахдаа өдөрт нэг литр ус өгөв. Ад­гуус ч гэсэн нэг литр усаар цангаагаа тайлж чадахгүй шүү дээ. Энэ бол ус үнэтэй болсныг батлах хангалттай жишээ байлаа. Тэ­гэхээр одоо мал, амьтанд ол­гох усны хувиарлалтын асууд­лыг хуулиар зохицуулах бас нэг “толгойны өвчин” буй болж байна. Тэр хуульдаа “Адуунд хоногт төдөн литр ус уух тасалбар өгнө” гэдэг заалт заавал оруулах  хэрэгтэй. Ингэж байж ундны усаа жаахан ч болтугай хэмнэхээс өөр аргагүй.

Э.БАЯСГАЛАН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж