Бизнесийнхэнд иргэнлиг сэтгэл байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Бизнесийнхэнд иргэнлиг сэтгэл байна уу?

Утааг төр бууруулна гээд найдаад суух нь хэзээ мөдгүй живэх нь тодорхой болсон хөлөг онгоцон дээр амьдарч байгаатай  адилхан болжээ. Өнгөрсөн жилүүдэд авсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс харахад Улаанбаатарын утааны асуудлыг төр дангаараа шийдвэрлэж чадахгүй нь нэгэнтээ ойлгомжтой болсон. 

Утаа жил ирэх тусам улам өтгөрч, бид бүгдийн удмын сан, үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Тэгэхээр одоо улаанбаатарчууд живж үхэхээ хүлээгээд сууж байх уу, эсвэл амьд үлдэхийн тулд арга чарга хайх уу гэдгээ сонгох цаг болсон байна.

Агаарын бохирдол “амьд” биет биш болохоор баян, ядуу, дарга цэргээр хэзээ ч ялгахгүй. Өвдөхдөө хүрвэл бүгд өвчилж, үхэхдээ хүртэл бүгдээрээ үхнэ. Тэгэхээр өдрөөс өдөрт утаандаа живж байгаа Улаанбаатарыг яаж “аврах” вэ. Одоохондоо бүх юм муугаар төгсч, авралгүй байдалд арай л орчихоогүй байна шүү дээ. Тиймээс манай бизнесийнхэн утааны асуудлыг шийдвэрлэхэд жаахан сэтгэл гаргачихвал болчих юм шиг.

Нэг үеэ бодвол Монгол Улс үндэсний томоохон компаниудтай болсон. Барилга, уул уурхай, электрон бараа, мах,сүү, архи, ундаа, гар утасны чиглэлээр бизнес эрхэлдэг төрөлжсөн томоохон компаниудын тоо ч нэмэгдсэн. Тэдгээр компаниудын хувьд нийгмийн сайн сайхны төлөө томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болсон юм шиг.

Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэр нь гэр хорооллын 170 мянган яндангаас гарч байгаа утаа. Энэ утааг багасгахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах нь юу юунаас илүү чухал байгаа юм. Тиймээс энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд жаахан ч гэсэн иргэнлиг сэтгэл гаргаач гэж Монголын томоохон бизнесменүүдээс хүсмээр байна. Гэр хорооллынхон үнс, нурамтай зууралдах сонирхолтойдоо түлээ, нүүрснээсээ салж чадахгүй байгаа юм биш. Үнэ нь тэнгэрт хадсан орон сууцыг худалдан авч чадахгүйдээ утаа үйлдвэрлэхээс өөр аргагүй байхгүй болохоор тэр. 

Монгол Улсын сүүлийн дөрвөн жилийн дотор орон сууцны үнэ 100-120 хувиар өсчээ. Гэтэл монгол хүний дундаж цалин 500 мянга. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай хүн 80, 90 сая төгрөгийн байр худалдан авч хүчрэхгүй. Тэдэнд үлдсэн сонголт нь нүүрсээ түлэх. Ядаж байхад төр засгаас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөр нь зорилтот төвшнийхөнд зориулагдаагүй гэсэн тодорхойлолттой. Тийм болохоор яаж Улаанбаатарын утаа буурах вэ.

Метр квадратаа нэг сая 200 мянгаар үнэлэхэд 30 хувийн цэвэр ашигтай ажиллах боломжтойг Монголын барилгачдын холбооныхон тодорхой судалгаанд үндэслэж тайлбарладаг. Харамсалтай нь, Монголын барилгын салбарт ажиллаж байгаа үндэсний компаниудад ашиг олж байвал утаа, угаарын асуудал сонин биш  болжээ. Угтаа бол баян ядуугүй, хөгшин залуугүй Улаанбаатарт амьдарч байгаа бүх хүн агаараасаа хордоод явж байгаа. Нэг хүн өдөрт 4-6 хайрцаг тамхи татсантай адилхан хорыг агаараасаа авч байна гээд бод доо. Гэтэл манай бизнесменүүд авгай хүүхдээ АНУ, Японд өвөлжүүлээд асуудлыг шийдчихнэ гэж боддог. Ард түмэн нүүрсээ түлнэ үү байна уу надад хамаагүй гэж аминчхан үзлээр асуудалд ханддаг. Ашгийн төлөө хэт улайрдаг. Үүнээс болоод бүгдээрээ живж яваа хөлөгт сууснаа ойлгодоггүй.

Зүй нь бол барилгынхан нь барьж байгаа орон сууцныхаа үнийг хямдруулж, жаахан ч гэсэн иргэдээ, нийгмээ, улсаа гэсэн сэтгэл гаргачих юм бол утааны асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй биш байгаа. Дээрээс нь Дэлхийн банкны зөвлөснөөр төр нь урьдчилгаа мөнгө дээр анхаарчихвал асуудал амархан шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдээс санал авч, түүнийг нь үндэслэн иргэдэд орон сууцны урьдчилгаа олгох замаар гэр хороололтын тэлэлтийг бууруулбал, нэгдүгээр төсвийг тооцоход амархан болно. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүд хэрэгтэй гэсэн хүмүүстээ орон сууцны квот олгож болно. Энэ нь монгол хүнийг тогтвор суурьшилтай ажиллах урмыг нь сэргээх хөшүүрэг болно. Ийм харилцан ойлголцол, хамтран ажиллах сэтгэл монголчууд бидэнд дутагдаад байгаа болохоор бүгдээрээ угаарандаа живж яваа Улаанбаатартаа хий орилохоос өөрийг хийж чадахгүй байгаа хэрэг. Хувийн хэвшлийнхэн нь утаа надад падгүй гэдэг сэтгэлээр хандаж, төр нь зорилтот төвшнийхөнд зориулагдаагүй хэмээн томроод байх аваас Улаанбаатар утаанаасаа хэзээ ч салахгүй. Зуун удаа зуун мянган айлын орон сууц хөтөлбөр зарлаад ч гэр хорооллыг хумиж чадахгүй.

Тэгэхээр Монголын урдаа барьдаг томоохон компаниуд орон сууцны салбарт хөрөнгө оруулж, хямдхан орон сууцаар иргэдээ хангах талаар төр засагтайгаа хамтраад ажиллах хэрэгтэй байна. Нийгмийн идэвх санаачлагыг гартаа авч, бусдадаа үлгэр дууриалал үзүүлмээр байна. Улс орныхоо төлөө утаанаас хагацъя гэсэн урилга гаргаж яагаад болохгүй гэж. Орон сууцны салбарт үнийн “salе” зарлаж, утааны асуудалд нийгмийн идэвх гаргасан компаниудыг төр нь  татвараас нь чөлөөлж, эдийн засгийн дэмжлэг үзүүлж болно шүү дээ.

 “Намайг ирээд торгочихгүй бол боллоо” гэсэн хар амиа хоохойлсон, би л баян байвал нийгэм ямар байх нь хамаагүй гэсэн хүйтэн сэтгэлээр хандаад байвал бидэнд хэн туслах вэ. Хотын хамгийн цэвэр агаартай гэсэн Зайсандаа баячууд нь шавчихаад “бид утаандаа хордохгүй” гэвэл түүн шиг эндүүрэл болоод эмгэнэл байхгүй. Агаарт хил хязгаар гэж байдаггүй учраас.

Төр утааг бууруулж чадахгүй байна гэж твийтер, фээсбүүк, сонин хэвлэл телевиз радиогоор шүүмжилж суухын оронд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд идэвхтэй оролцож, нийгмийн сайн сайхны төлөө нэг удаа томоохон хөрөнгө оруулалт хийлээ гэхэд ирээдүй танд баярлана уу гэхээс гомдохгүй болов уу. Эцсийн эцэст эрүүл иргэдтэй байж улс орны үндэсний аюулгүй байдал хамгаалагдах бус уу.  Ийм учраас л бизнесийнхнээс иргэнлиг сэтгэл гаргаач гэж гуймаар байна.

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж