Ц.Оюунгэрэлийн гурван шинэ ном уншигчдын гар дээр очно

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэлийн гурван шинэ ном уншигчдын гар дээр очно

“Ногоон нүдэн лам”, “Америкт суралцсан тэмдэглэл” зэрэг олны эрэлт хэрэгцээ болсон номын зохиогч, орчуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийн гурван шинэ номын нээлт Интерномын төв салбарт маргааш 15.00 цагт эхэлнэ.
Хүүхэд залуус мэргэжлээ хэрхэн сонгох вэ, сургуулиа төгсөөд ямар ажил хийх вэ, бусдын гар харалгүй өөртөө ажлын байр бий болгох боломжтой юу, нийслэлийн гэр хорооллыг утаагүй, хоггүй байлгах арга юу байна, байгаль орчин, эрүүл мэндийн асуудлаа хэрхэн шийдэх вэ зэрэг олон асуултын хариуг шинэхэн номын хуудсаас авах боломжтой боллоо.
Номын нээлтээр “Ажил мэргэжил”-бага лавлах толь, “Миний ажлын ноу-хау”, ”Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номуудыг  уншигчдад танилцуулж  гар дээр нь хүргэх аж. Ц.Оюунгэрэл дээрх гурван номын зохиогч, орчуулагч  бөгөөд эдгээрээс “Миний ажлын ноу-хау” ном нь нээлтээ хийхээсээ өмнө шилдэг борлуулалттай номын жагсаалтад оржээ.
Дэлхийн банк, READ төсөл, Дэлхийн өсөлт байгууллагын дэмжлэгтэйгээр уншигчдадаа хүргэж буй “Ажил мэргэжил”-бага лавлах толь нь хүүхэд залууст мэргэжлээ сонгоход нь тусална. Харин  “Миний ажлын ноу-хау” ном ажлын гараагаа эхэлж байгаа залуус танд найз тань болж чадах ажээ.  
АНУ-ын Хеспериан сан, ХБНГУ-ын Мизереор сангийн дэмжлэгтэйгээр уншигчдадаа хүргэж байгаа “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” нь айл өрх бүрийн амьдралын ном болж чадахуйц өргөн хүрээтэй мэдээллийг агуулснаараа онцлогтой ажээ. Энэхүү номын хуудас бүрээсбидний өмнө тулгамдаад буй шинэ зууны олон асуудлын гарцыг олж харах юм байна.  
                                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж