Хяналтыг хэрэгжүүлэх төслийг буцаах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Хяналтыг хэрэгжүүлэх төслийг буцаах ёстой гэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг хэлэлцэж байна. Гишүүд төсөлтэй холбогдуулан санал, шүүмж, асуулт тавьж хариу тайлбар сонсож байгаа юм. Гишүүн Д.Сарангэрэл “Олон давхардсан хяналт шалгалтыг багасгах хэрэгтэй гэдгийг бизнес эрхлэгчид шаардаж буй энэ цаг үед орж ирсэн утгаар нь энэ төслийг дэмжиж байгаа юм” гэсэн бол С.Дэмбэрэл гишүүн “Энэ хуулийн төслийн агуулга нь Ухаалаг төр рүү чиглэсэн гэж ойлгогдож байна”  гэдгээ онцоллоо.

Харин О.Баасанхүү гишүүн “яам руу хяналт очно гэдэг нь яамны толгой томроно гэсэн үг. Мэргэшсэн баг, хэлтэс үүснэ гэсэн үг үү. Шадар сайдын дор байх нь юунд болохоо больчихов” гэж шүүмжиллээ.

Хуулийн төслийг өргөн барьсан гишүүн Д.Тэрбишдагва “Хяналтын байгууллага торгохоосоо илүү зөвлөх үйлчилгээ үзүүлэх ёстой. Дахин дахин давхардуулан шалгадаг явдлыг арилгана. Торгож, хаахаас урьтаж соён гэгээрүүлэх, алдаа дутагдлыг засч залруулахад чиглэсэн. Онцгойлсон зохицуулалтууд ч бий. Хяналтын байгууллагад захиргааны ажил хийж байгаа хүмүүс бүгд байцаагч болчихсон. Захиргаанд ажиллаж буй бүгдэнд байцаагчийн үнэмлэх бий. Мэргэжлийн байцаагчдийг төрийн захиргааны ажилтан нарыг бүтцээр нь ялгаж салгах хэрэгтэй. Би энэ байгууллагын хүнд суртлын талаар маш олон гомдол шүүмж авсан. Байгууллагад буй 40 хяналтын 12-ийг авч үлдээд 30-аадыг нь хүчингүй болгож, заримыг нь мэргэжлийн яамдад өгч байгааг эрс шинэчлэл гэж ойлгож байгаа” гэв.

Хуулийн төсөлд дэвшилттэй зүйл байгаа ч үзэл баримтлалын хувьд дутуу зүйл байгааг Ж.Батзандан хэлж “Мэргэжлийн хяналт 100 метрийн зайд урдаа баригдаж байгаа барилгыг хянаж чадахгүйгээр, эрдэнэт хүний аминд хүрч байсан. Төрийн хяналт ийм л байдалтай байна. Уул уурхайн хяналтыг уул уурхай руу, барилгын хяналтыг барилгын холбоод руу гэж мэргэжлийн холбоод руу шилжүүлсэн үзэл баримтлал энэ хуулийн төсөлд тусаагүй байна. Иймд энэ хуулийн төслөө татаж авах хэрэгтэй. Энэ хуулийн төслийг сайжруулахын тулд нийтийн аюулгүй байдлын талаар тусгах хэрэгтэй. Халтиргаатай зам, харанхуйд явж байгаад эрсдэж буй олон хүн байна. Гэтэл нийтийн аюулгүй байдлын талаар тусгасан зүйл юу ч алга” гэв.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж