Р.Амаржаргал танхимдаа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал танхимдаа үлдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх тухай Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэж, санал хураахад 65 гишүүнээс 34 гишүүн чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал танхимдаа үлдэх болж байна.
 
УИХ-ын гишүүд Р.Амаржаргал гишүүнээс асуулт асууж, тодруулга авсны дараа саналаа илэрхийлсэн. Энэ удаагийн санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураасан юм.

Р.Амаржаргалын хүсэлтийг хэлэлцэх явцад гишүүд саналаа илэрхийлснийг хүргэе.


УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
Намын төлөө, бидний төлөө хариуцлага хүлээх хэрэггүй. Монголын төрд хэрэгтэй хүн ч гэсэн сайн үйлс бүтээж байхад зугтдаггүй юм. Шударга байна гэдэг болохгүй байгаа юман дундуур нь тоосонд нь булуулж байж, бүтээхийн төлөө явдаг юм. Хүнд үед хэрэгтэй газраа хэрэгтэйгээ мэдэж зүтгэхийг би шударга гэж үзэж байна. Намаа солиод явж болно шүү дээ. АН-ын олон гишүүд өөрийг чинь УИХ-д оруулах гэж олон жил зүтгэсэн. Улстөрч хүн өөрийнхөө чадлаар биш олон түмний чадлаар гардаг юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Шударга ёсны төлөө гишүүд олон талаас нь ярилцаж байна. Р.Амаржаргал гишүүн өргөдлөө өгснийг ухаалгаар харж, дүгнэлт хийх ёстой. Би өөрөө гэхэд Монголын төрд шударга ёс гадуурхагддаг, эх орноо боддог шударга хүмүүс орон зайгүй болсон, Монголын төрд эрүүл ухаантай бус эрх мэдэлтэй цөөхөн хүн гарсан гэдгийг харж байна. Товчоор хэлбэл, шинжлэх ухаанч бус бөө мөргөл, шашин шүтдэг хүмүүс Монголын төрд олон болж.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Р.Амаржаргал гишүүний өргөдлийг удаах шаардлагагүй байсан. АН-ынхан Р.Амаржаргалыг баалж байгаа чинь таалагдахгүй байна. Монголын ард түмний итгэлээр тоглосон хүмүүстэй нийлж засаг барьчихаад байгаа нь таалагдахгүй байна. Р.Амаржаргалын ярьж байгаа дүгнэлтээр АН-ынхан дотроо ярьж, хариуцлага тооцох ёстой. Эдийн засаг хүндрүүлсэн сайдад хариуцлага тооцох ёстой. Монгол төрд хариуцлага байх ёстой юу гэдгийг Р.Амаржаргал гишүүн хүсч байна. АН-ынхан Р.Гончигдоржийн шордож байгаа замаар явбал баларна шүү. Р.Амаржаргал үнэний төлөө явж байгаад талархаж байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Энэ парламентаас хоёр гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгч байгааг бид эргэж харж, дүгнэлт хийх ёстой. Эдийн засгийн хямрал, ардчиллын мухардлын талаар хэлсэн үгэндээ тодорхой хэлж байсан. Гудамжинд ярьж байсан зүйл өнөөдөр энэ танхимд яригдаж эхэлсэн нь сайн. Улстөрийн намууд зөвшилцөлд хүрэх ёстой. Хэлж байгаа нь үйлдэлтэйгээ зөрөхгүй байгаасай. Монголд төрд ёс зүй, дэг жаяг, улстөрийн соёлын стандартыг бий болгох ёстой цөөхөн эрүүл сэтгэлгээтэй хүмүүсийн нэг явах гэж байгаад нь харамсч байна.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Гаргасан өргөдлийг хэлэлцэж байгаад шийдэх байх. Өргөдлөө өгсөн үндэслэл нь сүүлийн 24 жилийн улстөр, нийгэм, эдийн засагт болж буй үйлдлийг дүгнэсэн нь чухал. Үүн дотор зөвшилцөл маш их чухал зүйл. Монголын нийгэм, эдийн засгийн ерөнхий дүр зураг ямар байгаад анхаарал хандуулах цаг болсныг  сануулсан дүгнэлт байсан. Тиймээс УИХ дахь гурван бүлэг нийгэм, эдийн засгийн дүгнэлт хийх цаг болсон.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хувь хүний асуудал биш гэсэн итгэл үнэмшилтэй байна. Энэ хүн асар их зориг гаргаж байна. Монголын төрийн данхайсан бүтэц, өр нэмэгдээд, хөрөнгө оруулалт зогсоод байгаа нь өнөөдрийн бидний нийгэм биш. Бид өнөөдөр ард түмнээ баян, ядуу, дунд гэж ялгаад байгаа. Энэ нь хүмүүсийг бие биесээ үзэн ядахад хүрч байна. Олигархиуд бүгд сайд болсон сууж байна. Аливаа төрийг хийж байгаа ажлаар нь бус ард түмний халаасанд үлдээсэн мөнгөөр нь хэмждэг. Р.Амаржаргал гишүүн болохгүй байгаа зүйлийг өөрөөр гаргаж байна. Улстөрийн соёл, зөвшилцөл байхгүй байгаа нь, ардчиллыг үгүй хийж байгаа нь Монголын улстөрийн эсрэг хийж буй популизм гэсэнтэй санал нэг байна. Эрх баригчид дүгнэлт хийгээсэй.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Өдийг хүртэл хугацаанд хээл хахууль цэцэглэж, бүх идээ бээр нь дараагийн засаглалын үед гарч ирдэг. Р.Амаржаргал гишүүн Монголын төрд байх ёстой гишүүний нэг. Гаргасан дүгнэлт нь бодитой. Гэхдээ хариуцлага яриад, хариуцлага хүлээлгэх хүнд нь, хүлээлгэх зүйлд нь Р.Амаржаргал гишүүн өөрөө оролцох ёстой. Уг нь таныг төрд илгээсэн ард түмэн шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Болохгүй, бүтэхгүй, өөрчлөх шаардлагатай зүйл олон байна. Засгийн газар муу ажиллаж, УИХ олхиогүй байгаа. Р.Амаржаргал гишүүн шинэ гишүүдэд үлгэр болж манлайлж ажиллах ёстой байсан ч бүтэхгүй байна гээд хаяад явах гэж байгаа нь буруу. Ард түмэн итгэл хүлээлгэсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд төрөө ухаалаг болгохоор ажиллаж байна. Бид бүгд хамтарч ажиллах ёстой. Энэ бүхнийг хамтдаа хийх гээд оролдоод үзэе, болохгүй бол бид бүгдээрээ тарах ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сайн улстөрч ард түмэнд таалагдсан үйлдэл хийдэг. Олигархиудтай ярьж, тэмцэхэд маш хэцүү үе. УИХ-ын 76 гишүүн ч гэсэн ард түмний төлөөлөл. Сүхбаатар дүүргийн иргэний хувьд тойргоосоо сонгогдсон  гишүүдийг харж байна. Авлигажсан нийгэм бий болсон учраас үлгэр дууриал болж, гишүүнээсээ татгалзах нь зүйтэй. Хулгайч нар улстөрийн шийдвэр гаргахаас айдаг. Шударга хүн гараад нийгмийн багш ч гэсэн хийчихнэ. Дуугарах хүний тоо буурч байгаад харамсч байна.

УИХ-ын гишүүн Ц.Лүндээжанцан: Олон жил хамт ажиллаж байгаа. Төрөөс хариуцлага нэхэж байх шиг байна. Хувь гишүүний хувьд хамгийн эцсийн алхам гэж харж байна. Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай болъё эсвэл хүчтэй засаглалтай байх механизмын тухай асуудал байна. Багаас эхлээд УИХ хүртэл  нэг сая орчим эрхзүй байна. Асуудлыг олонхиороо шийддэг загвар буюу зөвшилцлийн загвар хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Намын жагсаалтны ард нуугдсан хүмүүс ойлгохгүй. Сонгогчид эрх ашгийн эрэмбэлэл, эхэнд нь улс эх орны эрх ашиг, дараа нь намаа яриарай гэсэн захиас гэж хэлдэг л дээ. Одоо буруу зүйлээ засч авахгүй бол хожимдоно гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж