Дахин уулзъя, “Кармен”

Хуучирсан мэдээ: 2013.12.12-нд нийтлэгдсэн

Дахин уулзъя, “Кармен”

Театрын танхимд гэрэл бүдгэрч, найрал хөгжим намуухан эгшиглэж эхэллээ. УДБЭТ-ын хамт олон уран бүтээлийн 51 дэх улиралдаа өнгө нэмэхээр Ж.Бизегийн “Кармен” дуурийг бүрэн шинэчилж, франц хэлээр тайзнаа тавихаар ийнхүү бэлтгэж буй юм.

Тамхины үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд өдрийн цагаар салхилахаар үйлдвэрийн гадна цуглана. Тэгш гуалиг биетэй, үзэсгэлэнт бүсгүйчүүд гудамжинд суух франц цэрэг эрсийн нүдийг хужирлах аж. Тус тусын дүрээ бүтээж, дуучид дуурийн хэсгээс дуулах үед найруулагч заалнаас “Алив эргээд хараарай, Карменыг угтаарай” гэхэд тайзан дээрх дуучид найруулагчийнхаа заавраар гол дүрийг угтан авлаа. Кармен ч ихэмсэг бардам байдалтайгаар гарч ирж, хийх ёстой зүйлээ сурмаг хийв. Энэ удаад Кармены дүрийг Ц.Арюна бүтээж буй.  Хурц догшин, бардам эмэгтэй Кармен даашинзныхаа хормойг ширүүхэн намируулсаар тамхины үйлдвэрээс гарч ирээд, инээмсэглэл тодруулсаар даашинзныхаа мөрийг аажимхан доошлуулахад залуус шүүрс алдан түүн рүү ухасхийнэ. Гэвч Кармен тэрхэн агшинд эргээд, дахин өөр эрийн өмнө очиж, уянгалаг хоолой, гуалиг биеэ туялзуулна. Цэргүүд үйлдвэрийн хаалгыг хааж, гинжлэхэд үйлдвэрийн хоёр давхар өөд өгсөх Кармен тайзнаа тод харагдана.

Удирдаач найрал хөгжимчдийг удирдан дохиж, дуурийн уянгалаг хөгжим эгшиглэсээр.

Тайз засалтын хувь урьд өмнө байгаагүй өвөрмөц, бодитойгоор дүрсэлжээ. Хоёр давхар тамхины үйлдвэрийн байрыг 17 дугаар зууны үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар зассан бол хотын гудамж талбайн чимэглэл, хүмүүсийн хувцас гоёл хүртэл бүгд үзэгчдийг дөрвөн зууны тэртээд аваачна.

УДБЭТ-ын тайзнаа анх 1984 онд “Кармен” дуурийг тоглосноос хойш жил бүр театрын хөтөлбөрт энэ дуурь багтдаг. Харин энэ удаад огт өөр, цоо шинэ байдлаар дахин тайзнаа тавих гэж байна. Тайз засалт, хувцас чимэглэл, найруулга, дүрүүд гээд бүхэлдээ цоо шинэ байх юм.

“Кармен” дуурийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Соёлын тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн нэрэмжит  шагналт Г.Ганбаатар нар тус тус ажиллаж буй. Дуурийн гол дүрүүд болох Карменд Ц.Арюна, түүний дурлалт залуу болох Хозегийн дүрд Д.Эрдэнэ-Очир тоглоно.

“Кармен” дуурь нь дэлхийн хамгийн алдартай дууриудийн нэгт зүй ёсоор тооцогддог. Уг дуурийн үйл явдал Испани хотын Севиль хотын амьдрал, Хааны хатны тамхины үйлдвэр болох тухайн үеийн хамгийн сүрлэг байшинг дүрслэн тухайн үйлдвэрийн өмнө бүхий л үйл явдлууд нь болж өнгөрдөг.

Дөрвөн бүлэгтэй уг дуурийн цомнолыг А.Мельяк, Л.Галеви нар бичиж, Ж.Бизе хөгжмийг нь зохиож байжээ. 1875 онд анх Парис хотноо анх тоглогдож байсан бол 1984 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулж байснаар Монголын үзэгчид хүлээн авч байжээ.

Уг дуурь нь Хозе болон эрх чөлөөт бүсгүй Кармен нарын хайр дурлалын тухай өгүүлэх аж. Бардам бүсгүй Кармен болон Хозегийн ээдрээт хайр дурлал болон тэдний хагацлыг харуулсан эмгэнэлт дуурь юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж